Ш.Нарантуяа: Хуульчдын шалгалтыг хатуу авахаас өөр аргагүй

2020 оны 08 сарын 13

Өнөөдөр Хуульчдын холбоо Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов гарсантай холбогдуулан  хэвлэлийн бага хурал хийлээ. Шалгалтын зохион байгуулалттай холбоотой зарим асуудлаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяагаас тодрууллаа.  

-Хуульчийн мэргэжлийн шалгалтын зорилго юу вэ?

Хуульчийн мэргэжлийн шалгалтын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн эрх зүйчдийн шүүх эрхмэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэдэг.

 Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн эрх зүйч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхойлсон Хуульч нэрийг хэрэглэх бүрэн эрхтэй болж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авдаг байгаа.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаараа цаашдаа шүүгч, прокурор, өмгөөлөгч болон хууль зүйн бусад чиглэлээр ажиллах бүрэн боломж нь нээгддэг.

-Хуульчийн мэргэжлийн шалгалт 10 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд гэж сонсогдсон. Яагаад энэ өдрүүдэд авахаар болсон юм бэ?

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн хурлаас 2020 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлож, товыг, албан ёсоор 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зарлаж байна. Энэхүү шалгалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий “Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комисс” байгуулагдаад шалгалтын бэлтгэл ажлыг хангаж ажиллаад байна. Шалгалтыг энэ өдрүүдэд авахаар болсон шалтгаан гэвэл: 

 1-рт: Хуульчдын холбооны 2020 оны ерөнхий төлөвлөгөөнд 10 сард Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. 

2-рт: Бид шалгалтыг зохион байгуулахдаа Интернэт тоглоомын газруудтай хамтарч ажилладаг. Шалгалтад жилд ойролцоогоор 1300-1500 гаруй эрх зүйч ордог болохоор 4-5 интернэт тоглоомын газруудыг 3 өдөр түрээсэлдэг. Тэгэхээр тухайн тоглоомын газруудын бидэнтэй хамтарч ажиллах боломжит хугацааг тооцоолох хэрэгтэй болдог. Тоглоомын газраас ирүүлсэн саналын дагуу энэ товыг тогтоосон.

-Энэ жилийн Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл хэзээ эхлээд, хэзээ дуусах вэ?

-Шалгалтын бүртгэл 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр эхэлж,  07 дугаар сарын 27-ны өдрийн 00.00 цагаас бүртгэл албан ёсоор хаагдана.

-Хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхийн тулд ямар шаардлага тавигдсан байдаг вэ?

- Хуульчийн мэргэжлийн шалгалтад орохыг хүсэгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Нэгдүгээрт: Хууль зүйн бакалаврын зэрэг эзэмшсэн буюу хууль зүйн сургууль төгссөн эрх зүйч байх

Хоёрдугаарт: Тус сургуулийг төгссөнөөс хойш Хуульчийн мэргэжийн дадлага эрхэлсэн байх гэсэн үндсэн шаардлага байна. Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан ажил мэргэжлийг ойлгоно.

- шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчийнтуслах;

- улсын их хурлын гишүүний зөвлөх, туслах

- төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан;

- хуульзүйн сургуулийн багш, туслах багш, төрийн болон төрийн бус байгууллагын эрх зүйн судалгааны ажилтан

- өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлж мэргэжлийн дадлагад тооцно. 

Мэргэжлийн дадлагыг хэрхэн тооцох, тоолохтой холбогдсон харилцааг нарийвчилсан журам Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2017 оны04 дүгээр сарын 19-ны өдөр батлагдсан байгаа. Тэрхүү журамтай Хуульчдын холбооны цахим хаяг болон бүртгэлийн цахим хаяг, легалинфо зэргээс танилцах боломжтой.

Хуульчийн шалгалтанд тэнцэгчид  дунджаар 15-25 хувьтай байна. Энэ харьцангуй муу үзүүлэлт байна. Ямар шалтгаантай байна вэ?

-Зарим  дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургалтын орчин буюу хэрэглээний сургалт чухал байна. Мэдээж оюутны хичээл зүтгэл хамгийн чухал байна. Нөгөө талаар шалгалт оролцогчдийн тодорхой хувь нь төрийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа уг шалгалтыг өгдөг. Энэ утгаараа шалгалтын бэлтгэл муутай оролцдог. Уг шалгалтанд тэнцсэн бол цаашдаа шүүгч, прокурор, өмгөөлөгч болон хууль зүйн бусад чиглэлээр ажиллах бүрэн боломж нь нээгддэг учраас шалгалтыг өндөр түвшинд, хатуу хяналт дор зохион байгуулахаас өөр аргагүй.

-Шалгалтын бүртгэлийн хураамж хэд вэ?

Шалгалтын бүртгэлийн хураамж 50.000 төгрөг байгаа. 2016 оныхоос нэмэгдсэн зүйл байхгүй. Шалгалтын хураамж шалгалт авах үйл ажиллагаанд бүрэн зориулагддаг байгаа.

-Шалгалт ямар дарааллаар явагдах вэ?

Шалгалт нь сорилгын болон бодлогын шалгалт гэсэн дарааллаар явагдана.

Сорилгын шалгалт нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэн ба тэдгээрийн процессын салбар эрх зүй, хуульчийн мэргэжлийн ёс зүйн сэдэв, агуулгын хүрээнд боловсруулагдсан 200 асуултаас бүрдэх ба үргэлжлэх хугацаа 200 минут байна. Хуульчдын холбооноос жил бүр сорилгын хураамжыг хэвлүүлдэг бөгөөд энэ жилийн тухайд Монгол улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, бусад 150 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилын хураамжыг шинэчлэх шаардлага гарсан, түүнчлэн хууль нь хэвээрээ боловч зарим хуулиудын сорилыг дахин хянаж, найруулсан. Жишээ нь : Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай, Гааль, татвар, газар, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн гэх мэт хуулиудын хэвээрээ боловч сорилын шинэчлэн найруулсан.

Уг сорил нь 8дугаар сарын 18-аас эхлэн “Хууль зүйн үндэсний хүрээлэн”-ийн номын санд худалдаанд гарна. Шалгалтанд бэлтгэгчид шинээр гарсан сорилын номоор сайн бэлдэх хэрэгтэй. Тэр дундаа нэмэлт өөрчлөлт орсон,шинээр нэмэлт өөрчлөлт орсон хуулиуд дээр ажиллаж бэлдээрэй гэж зөвлөе. Тэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болгон дээр ажиллана гэсэн үг биш шүү дээ. Хамгийн гол нь Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй, Процессийн эрх зүй, Хуульчийн ёс зүйн асуудал гэх мэт гол хуулиуд дээрээ төвлөрөх нь л чухал.

Бодлогын шалгалт нь

1/ Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй,  2/Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй,

3/Иргэний эрх зүй, иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн салбарын хүрээнд боловсруулагдсан 3 даалгавартай байх ба нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

Эхний өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сорилгын шалгалт авагдана, 29-30-ны өдрүүдэд бодлогын шалгалтыг авна.

-Шалгалтыг хэрхэн зохион байгуулдаг бэ?

ХМШ-ыг Шалгалтын хорооноос байгуулсан “зохион байгуулах комисс” зохион байгуулдаг. Энэ комисст өмгөөлөгчдийн хорооны төлөөлөл-2, прокурорын төлөөлөл-2, шүүгчдийн төлөөлөл-2, ХЗДХэргийн яамны төлөөлөл-1, Профессоруудын төлөөлөл-4, Шалгалтын хорооны дарга, мэргэжилтэн нийт 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагддаг. Энэхүү комисс нь төлөвлөгөө гарган ажилладаг бөгөөд шалгалт болох газар, байр бусад бэлтгэл ажлыг хангаж, шалгалт болох өдрүүдэд салбар комиссоо ахалж ажилладаг. Мөн Хуульчдын холбооны тамгын газраас “зохион байгуулах” комисст дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулдаг.

Харин Дүгнэх комиссыг шалгалт эхлэх өдөр байгуулдаг учир  нь дүгнэх комиссын гишүүдийн нэр шалгалт дуусах хүртэл нууц байна гэж журмаар зохицуулсан.

-Зохион байгуулалттай холбоотойгоор олон хүн нэгэн зэрэг өгөх асуудал учраас интернэт тоглоомын газруудыг чөлөөлж ашиглах, орон нутгийн оролцогчдийг хамруулах, аюулгүй байдал, тест задрахгүй байх, шударга байх гэх мэт талууд дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

- Оролцогчдын 10-15 хувь нь л хөдөө орон нутгаас ирдэг тул нийслэлд шалгалтаа зохион байгуулдаг. Интернет тоглоомын газрын сүлжээг хааж, тагнуулын мэдээллийн аюулгүй байдлыг хангах багтай хамтран ажилладаг. Сорилгын хувьд ямар ч хөндлөнгийн оролцоо байхгүй. Хаах, нээх командаар шалгуулагч ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр өөрөө хийдэг. Дүгнэх үйл ажиллагаатай холбоотой нууцлалын холбоотой асуудалд бид хяналт тавьж ажилладаг.

-Гомдол санал гарвал хаана, хэзээ хандах талаар тодруулахгуюу?

-Үүнийг шийдэх хугацаа заагддаг. Өргөдлийг шалгалтын комисс хуралдаж хариу өгдөг. Хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг.

Т.Номин 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 08 сарын 15
95.118.84.121
ARD

NAAD MUUCAIN XUULCHDIIGAA SHYYCIIN CAIN SHAXAAD SHYREN SHANAGAAR CAN SHYYRDEED TER XUULIIN ALBANDAN TOMILOOROI XEREB NAAD BAACNUUD CHIN AJLAA OLIGTOI XIIXGYI BOL SH. NARATUJA CHAMAIG SHALDLAN SHYY