Да.Ганболд хорихоос гадуур эмнэлгийн үйлчилгээ авсан нь хууль зөрчсөн үйлдэл байв уу?

2020 оны 08 сарын 13

Шүүхээс дөрвөн жилийн ял сонсож Цагдан хорих 461-р ангид хоригдож буй Да.Ганболд өчигдөр хорих ангиас гадуур эмнэлэгийн үйлчилгээ авчээ. Тодруулбал, Да.Ганболд нь Regency residence хотхонд байрлах нэгэн шүдний эмнэлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тусгай тоноглолтой авто машиныг хөлөглөн очсон байна.

Эх сурвалжуудын зүгээс Да.Ганболдыг шүдний эмнэлэгт үзүүлэх нэрийн доор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан оффист орон хоёр цаг орчим болсны эцэст гарч ирсэн хэмээн мэдээлж байна.

Харин энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад дараах тайлбар мэдээллийг өглөө. 

-ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хоригдож буй хоригдогч зөвшөөрөлгүйгээр хорих байрнаас гадуур эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан дараах тайлбар, мэдээллийг хүргэж байна. Нийслэл дэх цагдан хорих төв болон орон нутаг дахь цагдан хорих байр нь яллагдагчаар цагдан хоригдсон, шүүхээр хорих ял шийтгүүлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээж буй нийт хоригдогсдын биеийн эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт тавьж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэг нь 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээг хоригдогч нарт үзүүлэн эрүүл мэндийн байдалд урьдчилсан шинжилгээ, оношилгоо хийж, өөрийн шатлалд тохирсон эмчилгээ үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллаж байна. 

Харин дараагийн шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардсан архаг, суурь, хүнд өвчтэй хоригдогсдод зайлшгүй шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг нарийн мэргэшлийн, төрөлжсөн эмнэлэгт шилжүүлэн үзүүлэхдээ дараах хууль, журмыг баримтлан ажилладаг. Үүнд:

-“Сэжигтэн, яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10 дахь хэсэгт “хоригдогч нь эмнэлгийн тусламжийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан журмын дагуу авах эрхтэй”.

-Хорих байрны дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.2.1 “хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ “Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ыг мөрдөнө”.

-Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны А/142, А47 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хоригдсон этгээдэд эмнэлэгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Хоригдсон этгээдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгоо эмчилгээний төв, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай эсэхийг орон нутагт аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарын зөвлөлийн шийдвэр, нийслэлд Хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комисс ийдвэрлэнэ. Тухайн шийдвэрийг хорих байрны захиргаа холбогдох мөрдөгч, прокурор, шүүгчид тухай бүрд нь мэдэгдэж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэж тус тус заасныг баримтлан ажиллаж байна.

Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд хоригдогсдыг дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ, оношилгоо хийлгэх асуудлыг эмнэлгийн албан ёсны дүгнэлтийг үндэслэн, хариуцсан мөрдөгч, прокурор, шүүгч болон цагдан хорих үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурорт мэдэгдэн шийдвэрлэдэг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хоригдогсдын аюулгүй байдлыг ханган хуяглан хүргэх, харуул хамгаалалтын хяналт тавих ажлыг хариуцан зохион байгуулдаг.

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй хоригдогч Д.Ганболдыг дээрх хууль журмын заалт, холбогдох эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн нарийн мэргэшлийн эмнэлэгт хүргэн эмчилгээнд хамруулсан бөгөөд Цагдан хорих 461 дүгээр ангийн хэмжээнд 2020 оны 8 дугаар сарын байдлаар нийт 76 хоригдогч холбогдох хууль, журмын хүрээнд зохих албан тушаалтны зөвшөөрлөөр дараагийн шатлалын эмнэлэгт шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамрагдаж, 6 хоригдогч хэвтэн эмчлүүлээд байна.

Х.Онон

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 08 сарын 17
202.126.88.223
Зочин

Олон хавар нэгэндээ гэгчээр болсондоо Да.Ганболд алийн болгон мултарч байхав аль хэдийн шорондоо морилон хүн байсан юм

2020 оны 08 сарын 16
103.212.119.41
Иргэн

Улс эх орондоо муу юм хийсэн хэн боловч ялаа эдлэх ёстой энэ нөхөр бол маш муу хүн шүү дээ! Цаазын ялтай бол цаазлуулах ялтай хулгайч шүү!

2020 оны 08 сарын 14
103.57.93.242
зөв

та нар хүний амьдралыг дэндүү харлуулж хохироох дуртай юм даа. эмчилгээ хүртэл хийлгэхгүй санаатай бүр хүний эрхийг зөрчин мууг нь үзэж байвал л бах тав нь ханах шинжтэй. энэ балиар зангаа болиочээ.\n