Онгоцонд төрсөн ихэр охидод Энхцэлмэг, Энхжигүүр нэр хайрлажээ

2020 оны 08 сарын 13

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн билээ. Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дууссанаар өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна.  Ихрүүд, ээжийн хамт эмнэлгээс гарах үед  МИАТ ТӨХК-аас тус компанийн онгоцоор НАСАН ТУРШДАА  үнэ төлбөргүй нисэх эрх  гардууллаа. 

Ихрүүд МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт буюу 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр Хар тэнгис, Сочи хотын орчим 10100м-ийн өндөрт 18:30 – 18:45 минутад төржээ.  

 

МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөрийн хэлснээр  Монгол Улсад дотоодын нислэгийн үеэр онгоцонд хүүхэд мэндэлж байсан. Харин Олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрж байгаа тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных болж байгаа аж. 

Агаарын хөлгийн дотор тал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаардаг учир ихрүүд Монгол Улсад төрсөнд тооцогдох аж.  

Ихэр охидын ээж "Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Төрсний дараагаар жин нь буураад, дахин нэмэгддэг юм байна. Одоо хэвийн жиндээ хүрч байгаа.  Бие тамирдуу байсан учраас онгоц хөөрсний дараагаар төрлөө.  Монгол улсын иргэн болж, онгоцонд мэндэлсэн охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр  гэдэг нэр  хайрласан" гэлээ. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.