Монголын эмэгтэй даамчид өнөөдөр аваргын төлөө тоглоно

2020 оны 08 сарын 13

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд үргэлжилж байна.

Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг тамирчид оролцож байгаагаас манай улсын шилдэг эмэгтэй тамирчдаас бүрдсэн баг БНХАУ-ын багийг хожиж шилдэг дөрөвт шалгарсан тухай өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн даваа, мягмар гарагт дэлхийн аварга Тамара Тансыккужина, “Дэлхийн цом”-ын аварга Айгуль Идрисова нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын багтай оноолт таарч 4:4, 7:1 гэсэн оноогоор хоёр удаагийн халз тоглолтод илүүрхэн ялж аваргын цомын төлөө Беларусь улсын багтай тоглохоор шалгарч үлдлээ.

Аваргын төлөөх тоглолт өнөөдөр, маргааш 23:00 цагаас www.lidraughts.org](http://www.lidraughts.org/ гэсэн сайт дээр явагдана.

Тэмцээний журмын тухай товчхон тайлбарлахад 11 баг тойргоор 10 өрөг тоглож өрсөлдсөний дараа зургаан баг шалгарч үлдэнэ. Үүнээс 1, 2 байрт шалгарсан ОХУ, Украйны баг шууд хагас шигшээд тоглохоор болж, үлдсэн дөрвөн баг хасагдах журмаар өрсөлдөхөд Монгол-БНХАУ 14:2, Беларусь-Латви 9:7 гэсэн харьцаагаар тус тус ялсан юм.

Хагас шигшээ болон шигшээ тоглолтуудад Teamviewre, Jitsimeet программуудыг ашиглан тоглогчийн тоглож буй компьютерийн дэлгэц, тоглогчийн нүүр, орчны дуу чимээг камерын хяналтад шүүгч нар давхар хянан явуулж байна.

Монгол Улсаа төлөөлөн оролцож шигшээ тоглолтод шалгаран үлдээд байгаа шилдэг өсвөр, залуу тоглогчиддоо амжилт хүсье.







Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.