Төсөв тодотгохдоо таван зарчим баримтална гэв

2020 оны 08 сарын 12

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өчигдөр Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай  уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо.  

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2020 оны төсвийн тодотголын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа “Ковид-19”-ийн цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх. Мөн цар тахлын эрсдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн таван үндсэн зарчим баримтлахаар болсныг тодотголоо.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, дэлхий нийтийг хамарсан “Ковид-19”-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад 2020 оны төсвийн тодотгол чиглэгдэхийг анхааруулсан юм. Манай улсын  экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан ч сүүлийн үед үнэ аажмаар сэргэж байна. Ялангуяа алтны үнэ ханш өсөж , сүүлийн 20 жилд тохиож байгаагүйгээр таатай боломж гарч байна. Иймд уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт, бензин шатахууны үнийн бууралтыг ашиглан экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч, төсвийн алдагдлыг бууруулах, төсөвт байгууллагын урсгал зардлыг танахын зэрэгцээ төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн тодотголд тусгах шаардлагатай талаар тодорхой үүрэг, чиглэл өглөө.  

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.