Ж.Батзандан: Өнгөрсөн сонгуулийн булхай луйврын талаар баримтат киног хийж эхэлсэн

2020 оны 08 сарын 12

ШИНЭН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ярилцлаа.

-Таны хувьд орон нутгаар иргэд сонгогчидтай уулзаад явж байна. ШИНЭ намын үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

-Хөвсгөл, Дархан-Уул, Орхон-Уул аймгийнхаа иргэдтэй уулзаад явж байна. Явсан газар бүртээ ард иргэдтэйгээ уулзаж, тулгамдсан асуудлуудынх нь талаар ярилцаж байгаа. ШИНЭ намын үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ. Манай намын гишүүд дэмжигчдийн явуулж байсан тэмцэл, шударга ёс, хүний эрхийн төлөөх тэмцэл бүхэн цааш үргэлжлэх ёстой. Бид сонгуульд шударга бусаар, луйвардуулж, луйврын аргаар ялагдал хүлээсэн. Гэхдээ ард иргэд маань бидэнд захидал ирүүлж, утсаар ярьж, ШИНЭ намыг шударга ёсны тэмцлээ зогсоож болохгүй ээ, манай нутагт ирж бидэнтэй уулзаач ээ хэмээн мянган мянган хүсэлт явуулж байгаа. Бид өчигдөр Эрдэнэт хотод очиж Содномдаржаагийн ээж Жавзмаа гуайтай уулзлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудал бол хувь хүний хэрэг биш, нийт монголчуудад хамаатай асуудал. Хууль хяналтын байгууллага цаашид хуулийн дагуу ажиллах уу, эсвэл жирийн ардын хүүхдүүдийг эрүүдэн шүүх журмаар хэрэг хүлээлгэж, тулгадаг бүдүүлэг тогтолцоо үргэлжлэх үү гэдэгт хариулт өгөхийн тулд энэ хэрэг дээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байна.

-Тэдгээр хүмүүс гурван шатны шүүхээс ял авсан шүү дээ?

-Эрүүдэн шүүсэн нөхдүүдэд ял өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд маш тодорхой заалтууд байгаа. Шинээр илэрсэн нөхцөлүүдийг харгалзан үзэж, “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” гэдэг заалтын дагуу прокурор дүгнэлтээ улсын дээд шүүх рүү явуулах ёстой. Хуулиараа прокурор 14 хоногийн дотор дүгнэлтээ дээд шүүх рүү явуулна. Явуулсан байх. Шинээр илэрсэн дөрвөн нөхцөл байдаг. Тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад гэрч, хохирогч, холбогдогч этгээдийн хуурамч нотлох баримт, мэдүүлэг дээр тулгуурлаж, шүүх шийдвэрээ гаргасан нь хожим тогтоогдсон бол, хоёр дахь нь хуулийн дөрөвдүгээр заалтад “хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн”, бүрдүүлэхдээ эрх мэдэлтнүүд мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж. Шинээр илэрсэн нөхцөл байдлын гурав дахь заалт нь тухайн эрх бүхий албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон гэж. Одоо төв аймгийн шүүхийн шийдвэрээр тогтоосон байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдал бүрэн хангагдаж байгаа учраас прокурор дүгнэлтээ Улсын дээд шүүх рүү бичих ёстой. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралд ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хууль бусаар шийтгэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тэднийг суллах ёстой. Ийм хууль эрх зүйн нөхцөл байдал үүсээд байгаа. Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэл ямар байгааг бид ойлгож байгаа.

-Танай намыг Ерөнхийлөгчтэй холбоотой гэх юм?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн явуулж байгаа зөв бодлогыг бид дэмжих ёстой. Буруу бодлогуудыг нь засч залруулахын төлөө ил тод нээлттэй шүүмжилж, улс төрийн байр сууриа илэрхийлж явах болно.

-Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ашигт малтмалын стратегийн ордуудыг нийтийн өмч болгоно гэдэг заалт бий. Хуучин бол ард түмний баялаг гэх заалт байсан. УИХ-ын гишүүн байхдаа чуулганы хуралдаан дээр Үндсэн хуулийн 6.2-той холбоотой байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан. Цаашид ч тэр байр суурь дээрээ байх болно. Байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч бөгөөд Монголын ард түмэн байгалийн баялгаа шууд өмчлөх, эзэмших эрхтэй гэдэг бодлого дээр ШИНЭ нам хатуу зогсдог юм. Таван толгой, Эрдэнэтийн үйлдвэрийг 100 хувь ард түмэндээ хувьчлах ёстой, өмчлүүлэх ёстой. Энэ томоохон цахилгаан станцуудыг мөн ард түмэндээ өмчлүүлэх ёстой гэдэг хатуу бодлоготой улс төрийн хүчин бол бид. Өмч хувьчлалын бодлого буруу явсныг бид бүгд мэдэж байгаа. Өмч хувьчлалыг хэдхэн дарга нар хувьчилж авахыг 30 жил ойлгож, мөн 30 баян гэр бүл төрж, гурван сая ядуу иргэдтэй улс орон болсон. Үүнийг зогсоохын төлөө ШИНЭ нам өмч хувьчлалын бодлогыг, байгалийн баялагтай холбоотой бодлого дээр ч бид байр сууриа олон түмэндээ хүргэж яваа. Монголын ард түмэн баялагтаа эзэн болох ёстой гэдэг бодлого дээрээ тууштай байх болно.

-Энэ жилийн сонгуулийн үр дүнгийн талаар?

-Сар гаруйн өмнө болсон сонгуулийн үр дүнгийн талаар ШИНЭ намаас “Сонгуулийн луйвар ба иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн нь” гэдэг баримтат киног хийж эхэлсэн. Баримтат киноны багийг албан ёсоор гаргасан байгаа. Монгол Улсын аймаг дүүрэг болгонд ямар аймшигтай сонгуулийн луйвар болж өнгөрсөн талаар иргэд олон түмэн, нэр дэвшигчид ярьж байна. Дархан-Уул аймагт манай намаас нэр дэвшсэн Эрдэнэбатын хэсгийн хороодынх нь саналын дүн дийлэнх нь нэг жигд байсан. Бүх хэсгийн хороо дээр Эрдэнэбат адилхан тооны саналууд авлаа. Миний 53 хэсгийн хорооны 20 гаруйд нь 217 гэдэг саналыг маш жигдхэн авсан байна лээ. Манай хар машины гайхамшгийн талаарх үлгэр үргэлжилсээр. Хар машиныхаа гайхамшигт үлгэрийн нууцыг хамтдаа тайлахын төлөө ажиллана. Одоо Монголыг 21 аймаг, есөн дүүрэгт очно. Монголын ард түмний саналыг яаж луйвардаж, хулгайлсныг баримтат киногоор ил тод, олон түмэндээ хүргэнэ. Хулгай, луйврыг хийж гарсан тэдгээр нөхдүүд өнөөдөр ялалтдаа бялуурч, их баяртай байгаа байх. Гэхдээ “Үнэнээр явбал, үхэр тэргээр туулай гүйцнэ” гэх Монголын ард түмний, өвөг дээдсийн минь философи бий. Дөрвөн жилийн өмнө “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагадана, эрүүдэн шүүсэн хүмүүс хариуцлагаа хүлээгээд шоронд орно” гэж бидний хэлэхэд хүмүүс итгэдэгүй байсан. Өдгөө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тун удахгүй суллагдах гэж байна. Төв аймгийн шүүх эрүүдэн шүүгчдэд ял өгчихсөн. Өнөөдөр сонгууль луйвардсан хүмүүс ч гэсэн ажлаа хийгээд явж байгаа байх. Гэхдээ удахгүй хариуцлага хүлээх цаг ирнэ. Ардчилал шударга ёсон дээр тогтдог. Шударга сонгууль хийж чадахгүй бол шударга ёс гэж ярих шаардлагагүй. Аймшигтай мэдээллүүд ирсэн. СЕХ-ны дийлэх нь МАНАН мафийн саварт бий.

Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.