Д.Тунгалаг: Боловсролын яам сургалтын чанар муу байгааг хүлээн зөвшөөрч, зарлачихаад ямар ч алхам хийхгүй байна

2020 оны 08 сарын 11

“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагтай боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар  ярилцлаа.

-“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгнө үү?

-Манай эвсэл 2010 онд байгуулагдсан. Анх боловсролын чанарыг сайжруулахын төлөө төрд шахалт үзүүлж ажиллая, боловсролын салбарт хариуцлагыг бий болгоё, санхүүжилтийг нь нэмэгдүүлж өгье гэдэг гурван зорилго дээр 11 төрийн бус байгууллага санал нэгдэж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнөөдрийн тухайд гишүүнчлэл маань нэмэгдэж 28 ТББ-ын бүрэлдэхүүнтэй болж өргөжсөн байна.

Тухайлбал, Боловсролын чанартай үйлчилгээг авч чаддаггүй бүлгийн төлөөлөл  болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, үндэсний цөөнхийг төлөөлсөн байгууллагууд, хүүхдийн эрхийн байгууллагууд, эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалсан байгууллагууд, багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

 -Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа бидэнтэй хуваалцахгүй юу. Төрийн бодлого шийдвэрт хэрхэн нөлөөлж ажиллав?

-2010 оноос хойш бид боловсролоос орхигдоод буй бүлгүүдэд илүү анхаарал хандуулах чиглэлд анхаарсан. Төрийн бодлогод ч нөлөөлж ажилласан. Саяхныг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зургаан тусгай сургуульд хуваагдаж суралцдаг байлаа.

Тэгвэл өнгөрсөн онд үүнтэй холбоотой бодлогын томоохон шийдвэр гарсан. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдарч байгаа орон нутагтаа гэрийнхээ хажуу дахь ердийн сургуульд тэгш хамрагдан сурч болно. Ингэхдээ тухайн хүүхэд бусадтайгаа адилхан хөтөлбөрөөр  адилхан чанартай боловсрол хүртэж болно гэдэг бодлогын шийдвэр гарахад бид бүхний зүгээс хүчин чармайлт гаргаж ажилласныг дурдах нь зүйтэй болов уу.

Хоёрдугаарт бид сургуулийн дотоод орчин болон дотуур байрны орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг хөндөж эхэлсэн явдал юм. Тухайлбал, дотуур байранд л гэхэд зургаан настай хүүхдүүдэд халамж анхаарал дутагдах, өсвөр насны охид бэлгийн дарамтад өртөх, хөвгүүдийн хувьд нэг, нэгийгээ дээрэлхэх гэх мэт асуудлууд гардаг. Энэ бүх асуудлуудыг шийдэж байж хүүхэд сургуулийнхаа орчинд амжилттай суралцаж амжилттай хөгжинө гэсэн утгаараа энэ чиглэлд нөлөөллийн ажлыг хийсэн.

Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэсэн гурван том хуулийг дагалдаж боловсролын салбарт батлагдах ёстой дүрэм журмуудыг батлуулж чадсан. Эдгээр дүрэм журмууд хэрэгжээд эхлэхээр сургуулийн орчинд хүүхэд нэг нэгийгээ хүчирхийлдэг явдал байхгүй болно.

Гурав дахь том амжилт гэвэл боловсролын салбар иргэдийн дуу хоолойг сонсож ажиллаж байна. Аливаа бодлого шийдвэр гаргахдаа төрийн бус байгууллагуудынхаа саналыг нь авдаг, хэлэлцүүлэгтээ урьдаг, ажлын хэсэгтээ урьж ажиллуулдаг ийм сайн жишиг тогтож байгаа. Өөрөөр хэлбэл манай эвсэлд байгаа гишүүдийг тодорхой ажлын хэсгүүдэд оруулж ажиллуулах, дуу хоолойг нь сонсох, тэдний амьдралаараа туулж байгаа туршлагыг нь бодлого шийдвэртээ тусгаж ажиллаж байна. Үүнийг бол бид амжилт гэж харж байгаа.

 

Үр дүнд нь төрийн бодлогод иргэдийн санал түлхүү тусаж байгаа бөгөөд ингэснээрээ төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үздэг. Энэ зорилгоор бид сургуулиуд дээр Багш, эцэг эхийн холбоо нэртэй төрийн бус байгууллагуудыг байгуулж үйл ажиллагааг нь жигдлэх ажилд ороод байна.

Алслагдсан бүс нутаг болох Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатарын аймгийн хөдөөгийн сургуулиуд дээр энэхүү ажлыг эхлүүлсэн.  Үр дүнд нь тэнд байгаа эцэг эхчүүд маань чадваржиж, багш нартайгаа хамтарч ажиллаад тухайн сургуулиуд дээр тодорхой өөрчлөлтүүд гарч байна.

-Үе, үеийн Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийхийг эрмэлзэж ирсэн. Таны бодлоор үр дүнд хүрч чадаж байна уу? 

-Боловсролын салбарыг шинэчлэх оролдлогуудыг өнгөрсөн хугацаанд хийж байсан нь үнэн. Зарим үед бүр завсар зайгүй хийсэн гэж хэлж болно. Хамгийн харамсалтай нь ямар ч судалгаанд суурилагдаагүй шинэчлэлүүд хийгдэж ирсэн. Монгол орны нөхцөл байдлыг тооцохгүй эсвэл бусад талуудтайгаа зөвлөлдөхгүйгээр шинэчлэх алхмуудыг хийсээр иржээ. Ядаж багштай зөвлөдөггүй. Багш хүн гэдэг бол шийдвэр гаргадаг мэргэжилтэн хүн.

Гэтэл мэргэжилтэн хүнийг боловсролын шинэчлэл гэдгээр гүйцэтгэгч болгож “алж” байна. Ингэснээрээ боловсролын салбар уруудна уу гэхээс өөдөө явахгүй. Мөн дээр нь багш нарын цалин хөлсийг дандаа тэмцүүлж, жагсааж байж шийддэг. Багшийн нийгмийн асуудал, ажил хөдөлмөрийнх нь үнэлгээг дорвитой шийдсэн бодлого өнөөдрийг  хүртэл алга. Тийм учраас багш нар маань байнга жагсаж тэмцэж ирсэн.

Боловсролын салбарт 2000 он хүртэл хөрөнгө оруулалт гэж байгаагүй. Харин 2010 оноос улсын төсөвт уул уурхайн орлого орж ирснээр шинээр сургууль цэцэрлэг, өргөтгөлүүдийг олноор нь барьж эхэлсэн. Гэтэл үүнийг дагаад хариуцлагагүйн зуд нүүрлэж, дандаа чанаргүй барилга баригддаг болсон.

Шинээр барьсан барилгууд нь нэг жилийн дотор мөөгөнцөртдөг, хөгцөрдөг, хүйтэн, хүн амьдрах нөхцөлгүй сургууль, дотуур байрыг бариад хүлээлгээд өгчихсөн хариуцлагагүйн зуд Монголоор нэг байна. Төрийн тендерүүд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн танил талын хүрээнд явагдаж байгаа нөхцөлд энэ байдал цаашид арилахгүй.

Өөр нэг хамгийн том асуудал бол боловсролын салбарт сургууль руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд ерөөсөө хийгдэхгүй байна. Зөвхөн багшийн цалинг нь өгөөд, халаалт дулааныг нь төлчхөд л болчихно гэсэн ойлголттой байна. Адгийн наад зах нь багшийн мэргэжил дээшлүүлэх ном сурах бичгийн зардал гэж ерөөсөө алга. Багшийг хичээлдээ ашиглах материал сургалтын хэрэглэгдэхүүнээр  хангахгүйгээр зөвхөн самбар шохойтой нь орхичхоод байгаа нь худлаа биш.

Хатуухан хэлэхэд Монголын боловсролын салбар самбар, шохойтойгоо хамт хоцрогдчихсон. Үүнийг дагаад боловсролын чанар гэдэг зүйл унасан. Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн чанарын судалгаагаар нийт хүүхдүүдийн 30, 40 хувь нь  л амжилттай суралцаж байна гэсэн судалгаа гарсан байсан. Ер нь сүүлийн жилүүдэд төрийн зүгээс сургууль, цэцэрлэг нэмж барих гэх мэтээр хүртээмждээ анхаарснаас бус сургалтын чанарыг ор тас хаячихсан гэхэд хилсдэхгүй.

- Багш бэлтгэж байгаа их дээд сургуулиудад бас асуудал байх шиг. Чанаргүй боловсон хүчин бэлтгэж гаргадаг гэх мэт?-Боловсролын чанарт 70 хувь нөлөөлдөг зүйл бол нь багшийн чанар гэдгийг дэлхий нийтээрээ тал талаас нь судлаад тогтоочихсон. Тэгвэл манай багш нарын 70 орчим хувийг Монгол Улсын Боловсролын Их сургууль бэлтгэж байна. Гэтэл МУБИС өөрөө Монголд байгаа их дээд сургуулиудаас чанараараа доогуурт орж байна. Миний хувьд энэ сургуулийн чанарыг сайжруулах асуудлыг үе үеийн Засгийн газар яагаад авч хэрэгжүүлдэггүй юм бол гэж их гайхдаг.

Дээрээс нь нөхцөл байдлыг дордуулж байгаа өөр нэг хүчин зүйл бол багш дутагдаад эхэлчихсэн явдал. Ингээд энэ орон зайг нөхөхийн тулд хувийн чанаргүй их дээд сургуулиуд багш бэлтгэж эхэлж байгаа юм. Ний нуугүй хэлэхэд тэнд МУБИС-ын багш нараас долоон доор багш бэлтгэж байна.

 

Өнгөрсөн жил Боловсролын сайд Ё.Баатарбилэг энэ талаар мэдэгдэл хийсэн. Юу гэсэн бэ гэхээр багш бэлтгэж байгаа дотоодын 22 их, дээд сургуулийн хөтөлбөрт магадлан итгэмжлэлийн дагуу шалгалт хийхэд асар муу үр дүн гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Их, дээд боловсрол гэдэг бол Боловсролын яамны анхаарч ажиллах ёстой асуудал.Энэ утгаараа Боловсролын яам сургалтын чанарыг сайжруулах чиглэлд зоригтой алхмыг хийх ёстой. Харамсалтай өөрсдөө муу байна гэж хүлээн зөвшөөрч, зарлачхаад ямар ч алхам хийхгүй байна.

- Кембриджийн хөтөлбөрийг Монголд нэвтрүүлсэн  нь зөв зүйтэй алхам болж чадсан уу? Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ? 

-Манай боловсролын салбарт бусад оронд амжилттай туршигдсан хөтөлбөр, практикийг хуулж Монголын хөрсөнд суулгадаг явдал түгээмэл байна.

Үүний нэг тод жишээ бол таны асуусан Кембриджийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр бол Монголын боловсролын түүхэн дэх гутамшигт хуулан бичлэг. Яагаад гэхээр нийгэм, эдийн засаг, хэл соёл, оюун санаа, хөгжлийн хувьд Монголоос тэс өөр онцлогтой улс орны хөтөлбөрийг Монголын хөрсөнд хүчээр суулгах гэж оролдсон. Энэ нь өөрөө маш том бодлогын алдаа болсон.

Хоёрдугаарт энэ хөтөлбөр бол асар өндөр өртөгтэй ашгийн төлөөх хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улс цаашдаа төсвийн хувьд хүнд байдалд орж болзошгүй юм байна гээд зогсоосон. Учир нь Кембриджийн хөтөлбөртэй дунд сургуулийн жилийн төсөв ердийн дунд сургуулийн төсвөөс 23 дахин их. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 800 гаруй дунд сургуулийг бүгдийг нь Кембриджийн хөтөлбөртэй болгоно гэвэл тус бүрт нь 23 дахин их төсөв зарцуулах хэрэгтэй болно гэсэн үг. Тийм их төсөв байгаа билүү Монголд өнөөдөр. Энэ өнцгөөс нь харвал ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй шинэчлэл байсан гэж хэлж болно.

Хоёрдугаарт монгол орны онцлогт тохирохгүй энэ мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр боловсролын тогтолцоог бүхэлд нь гажуудуулсан. Үүний нэг тодорхой жишээ бол хүүхдийг зургаан настайд нь сургуульд элсүүлдэг болсон явдал. Үүнийг дагасан малчдын хүүхдүүдтэй холбоотой асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна.

Мөн маш хурдан хугацаанд дунд сургуулийн хөтөлбөрийг 11, 12 жил болгоод сунгачихсан. Энэ үйл явцтай холбоотойгоор тухайн үед хөтөлбөрөө шинэчилж, багш нараа сургаж амжаагүй. Товчхондоо бол тэр үеийн бодлогогүй шинэчлэлийн үр нөлөө өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бид тэр ачааг нь салбараараа үүрч, муу муухайгаараа дуудуулаад явж байгаа нь  нууц биш.

Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.