БНХАУ-д хандивласан 30 мянган хонины тухай кино аравдугаар сард үзэгчдэд хүрнэ

2020 оны 08 сарын 11

Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед Монгол Улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадын уран бүтээлчид баримтат кино хийхээр болсон талаар CCTV мэдээллээ.

Тодруулбал, Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ өчигдөр БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо. Баримтат киног БНХАУ-ын Хэпин/Peace international/ компаний захирал Д.Энхбаяр санаачлан, киноны уран бүтээлчид болон хөрөнгө оруулагчидтай хамтран бүтээхээр шуударчээ. Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ны Алшаа аймгийн уугуул, нэртэй хөгжмийн зохиолч, продюсер юм. Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичсэн бөгөөд "Чонон сүлд" киноны туслах найруулагчаар ажилласан Нанжид, найруулагч Чин Жао нар найруулахаар болжээ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30 мянган хонийг Хятад улсад хандивлаж байгаагаа дуулгасан билээ. Хятад улсад цар тахал ид дэгдэж байх үед очсон Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгнийг тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна" гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулсан.

Тэгвэл мал тарга хүчээ сэлбэж дуусдаг намрын сард мөнөөх 30 мянган хонийг Хятад улсад нийлүүлэхээр тохирсны дагуу киноны зургийн багийнхан ажлаа эхлүүлж байгаа юм байна. Гурван бүлэг, 45 минутын хэмжээтэй энэ баримтат кино ирэх аравдугаар сарын сүүлээр нээлтээ хийх бөгөөд зураг авалтыг Монголын 21 аймгийн малчны хотонд хийх аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.