Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцохыг үүрэг болголоо

2020 оны 08 сарын 11

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон нийслэлийн холбогдох албаны төлөөллүүд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монголын Үндэсний их сургуулийнхан хичээлийн байрын өргөтгөлийн орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж барьжээ. Эмнэлгийн удирдлагууд эзэмшил газар руу зөвшөөрөлгүй орц, гарц хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн hотын дарга болон холбогдох албаныханд хандсан юм. Энэ дагуу хотын даргын үүрэг гүйцэтгэгч үүссэн нөхцөл байдлыг шалгахаар газар дээр нь ажиллав. 

МҮИС хичээлийн өргөтгөлийн байрыг 2013 онд барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу цөмлөж 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан зөрчил гаргасан байна. Барилгын орц, гарцыг хийхдээ мөн л эмнэлгийн эзэмшил рүү зөвшөөрөлгүй халджээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ганц байгаа эмнэлгээ энд тэндээс нь ухуулаад байж болохгүй. Юун түрүүнд хууль журмынх нь дагуу шаардлага тавина, арга хэмжээ авч ажиллана. 2013 онд ийм буруу үйл ажиллагааг зогсоогоогүйгээс болж өнөөдөр ийм асуудал үүсч байна. Гарааш барина гэж зөвшөөрөл авчихаад байшин барьж болохгүй. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд эмнэлгийн ажилтан, албан хаагчид санаа зовниж, гарч ирсэн байна. Эмнэлгийн ажилтнуудад та бүхэн санаа зовнилгүй ажлаа хий. Харин үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хууль бус газрын маргаан иргэдийн амьдарч буй газар руу хүртэл орж байна. Ийм хууль бус үйлдлийг таслан зогсооно” гэсэн юм. Улмаар зөвшөөрөлгүй барилга барьж буй асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.