Газраа ашиглаагүй иргэдийн эзэмших эрхийг цаашид ч хураасаар байх нь

2020 оны 08 сарын 11

Улаанбаатар хотоос хойш хөдөлж Гүнтийн пост өнгөрөх төдийд уул, ус тэгширсэн хараа булаам хангай тосно. Саяхныг хүртэл бэлчээрийн бүсэд хамаардаг байсан Аргүнтийн газрыг иргэдэд өмчлүүлэх болоод чамгүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд төрөөс олгох 0.07 га газраа авсан иргэд хашаалах нь хашаалж, барилга байшин сүндэрлүүлэх нь сүндэрлүүлжээ. Гэвч газар авсан бүхэн хашаа хатгаж, багана өргөсөнгүй. Өөрөөр хэлбэл, эзэмших эрхийн гэрчилгээ авсан атлаа тухайн газраа өөрийн болгож ашиглаагүй иргэн цөөнгүй байдаг аж.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд олгосон 306 иргэний 685 айлын газар эзэмших эрхийг нь цуцлах тухай мэдэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм. Үүнээс үүдэж тухайн бүс нутагт газар эзэмшигч иргэдийн дунд “Төрөөс өгсөн 0.07 га газраа эргүүлж авлаа. Миний өмчилж авсан газрын эрхийг цуцлах нь” гэх эргэлзээ үүссэн байна. Харин энэ үйл ажиллагаа нь төрийн байгууллага хуулийн хүрээнд өдөр тутам хийдэг ажил гэнэ. 

Н.МӨНХБАЯР: ГАЗРАА АШИГЛААГҮЙ, ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ БОЛ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ НЬ ЦУЦАЛДАГ

Иргэдийн газар эзэмших эрхийг ямар учраас цуцалж байгаа талаар болон бусад зүйлийн талаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Мөнхбаяраас тодрууллаа. 

-Сонгинохайрхан дүүрэгт газар эзэмшдэг 306 иргэний 685 айлын газрын эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл гарсан. Ямар үндэслэлээр тус шийдвэрийг гаргасан бэ? 
-Газар эзэмших эрхийг тодорхой гэрээний үндсэн дээр, нөхцөл болзол, хугацаатайгаар тухайн иргэн, хуулийн этгээдэд олгодог. Дүүргийн нутаг дэвсгэрт газар ашиглалтын судалгаа тогтмол хийдэг юм. Тус судалгаанд үндэслэн газар эзэмших эрхийг цуцална. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн, хуулийн этгээд эзэмшлийн газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасны дагуу эзэмших эрхийг нь цуцалдаг. Тэгэхээр тус жагсаалтад багтсан иргэн, аж ахуйн нэгж эрхээ эдэлсэн хэрнээ үүргээ биелүүлээгүй гэж ойлгож болно. 

-Газар эзэмших эрхийг нь цуцлахдаа иргэн, хуулийн этгээд бүрт тусгайлан хэлдэг үү, тус мэдэгдлийг хэрхэн хүргэдэг вэ? 
-Нэг, хоёр иргэн, аж ахуйн нэгж бол бид газар эзэмшигчдэд нь мэдэгдэж, мэдээлэл өгөх боломжтой. Гэтэл уг жагсаалтад маш олон иргэн бий. Иймээс тус мэдэгдлийг өдөр тутмын сонинд нийтэлсэн. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана” гэж заасан байгаа. Бид хуулийн хүрээнд  хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажилласан. Ер нь бол “Та гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол эзэмших эрхийг цуцална” гэдгийг мэдэгдэж байгаа юм. Харин яг цуцалчихсан гэсэн үг биш. 

-Эдгээр иргэн, аж ахуй нэгж хэрхэн газар эзэмших эрхээ сэргээх вэ?  
-Эзэмшил газрын төлбөрөө төлж, эргэлтийн цэгийн дагуу баталгаажуулах буюу хуульд заасан хоёр үүргээ биелүүлэхэд болно. Хэрвээ олон нийтэд зарласан нэрс дунд үнэхээр газраа ашигласан, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтаа биелүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байх юм бол түүнийгээ баримтжуулж, хүсэлт гаргаснаар тус жагсаалтаас нэрээ хасуулах боломжтой.Харин бусад иргэд 30 хоногийн хугацаанд гаргасан зөрчлөө засаж, эргээ сэргээх боломжтой. Газрын албаныхан өдөр тутам ажиллаж байна. Газар нутгаа мэддэг, хороо хариуцсан газар зохион байгуулагч нь ажлаа хийж байгаа шүү дээ.  

-Хуулийн заалтаа тодруулбал? 
-Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно хэмээн заасан. 

-Жагсаалтад багтсан цөөнгүй иргэн, аж ахуйн нэгж хоёроос олон жил газраа ашиглаагүй мэт харагдсан?
-Тэр үнэн. Жишээлбэл, 2011 онд газар эзэмших эрхээ авсан хэр нь өнөөдрийг хүртэл ашиглаагүй тохиолдол бий. Тэгэхээр төлбөрөө төлөөгүй, тухайн газартаа бүтээн байгуулалт хийгээгүй есөн жил өнгөрсөн байна. 

-Хуульд хоёр жил дараалан ашиглаагүй бол эзэмших эрхийг нь цуцална гэж заасан. Ашиглаагүй олон жил болсон газрын эрхийг хуулийн хугацаанд цуцлаагүйн шалтгаан юу вэ? 
-Жишээлбэл, сая нэг хөгшин орж ирээд гарлаа. Энэ хүн “Өвгөнийхөө нэр дээр газар авсан юм. Гэтэл манай хүн бэртээд дөрвөн жил хэвтэрт байгаа. Бид газраа хашаалах ч боломжгүй байна” гэдгээ жил бүр ирж хэлдэг. Хашаалаагүй хоосон орхиод, алга болчихсон хүмүүсийг бодвол тогтмол ирж, учир байдлаа тайлбарлана. Хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгаан биш ч гэсэн ийм нөхцөл байдалд яаж ч болдоггүй.

-Эдгээр иргэний хэд нь төлбөрөө төлсөн ч газраа ашиглаагүй юм бэ? 
-Эзэмших эрхийн гэрчилгээ авахад газрын төлбөр төлнө. Өмчлөх тохиолдолд төлбөр төлдөггүй. Энэ нь манай албаны хариуцах ажил биш. Харин цахим үйлчилгээнд хамаарах тусдаа асуудал. 

-Танай дүүргийн хэмжээнд зэмших эрхийг нь цуцлах газар олон бий юү? 
-Энэ 685 айлын газрын тухай мэдэгдэл бол манай дүүргийн зөвхөн 21 дүгээр хороо Аргүнтийн нэг амны асуудал. Үүнээс гадна 24 дүгээр хороо буюу Баруунсалаа, 42 дугаар хороо буюу Зүүнсалаа, 34 дүгээр хороо буюу Баянголын ам зэрэг газарт газар эзэмших зөвшөөрөл олгосон. Хүмүүс дээрх нэрсийг харчихаад “685 өрхийн газар байна. Олон айл байна” гэж хараад байгаа юм. Гэтэл энэ нь манай албаны хувьд хуулийн хүрээнд өдөр тутам л хийдэг ажил. 
Харин энэ талаар иргэд газар цуцлана гэдгээс өөр  ямар ч мэдээлэлгүй байгаа юм. 

А.ОТГОНЖАРГАЛ: НИЙСЛЭЛД ӨМЧЛӨХ ГАЗАР БАГА ҮЛДСЭН

Иргэд эдийн засгийн боломжгүйгээсээ газраа ашиглахгүй байх тохиолдол элбэг байдаг аж. Мөн газраа үнэтэй худалдаж, өндөр ашиг олохоор хадгалдаг гэнэ. Тухайлбал, Аргүнт орчимд нэг айлын газар 2.5-7 сая төгрөгийн үнэтэй байна. Нэгэнт мод хатгаж, хашаа татаагүй, ашиглаагүй газрыг удаан хугацаанд ажигласан зарим иргэн эзэмших хүсэлтээ харьяа газрын албандаа өгдөг байна. Энэ тохиолдолд газрын албанаас тухайн хэсэг газар эзэнтэй, эзэмшигч нь одоогийн байдлаар ашиглаагүй байгаа талаар хариу өгдөг ч иргэд “Тэр газрыг нь хурааж авахгүй яасан юм. Та нар ажлаа хийсэнгүй” зэргээр шүүмжилж эхэлдэг гэнэ.

Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Захиргааны хэлтсийн Олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан А.Отгонжаргалаас тодруулахад “Манай алба нь нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гэрээ байгуулж авсан газрын гэрчилгээтэй холбоотой асуудал болон дүүргүүдийн газрын албыг арга зүй, бодлогоор хангах эрх, үүрэгтэй. Харин иргэний газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй холбоотой тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газрын асуудлыг хариуцахгүй. Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 58 хувь нь барилга байгууламж, 23 хувь нь гэр хороолол, үлдсэн нь зуслангийн газар буюу дөрвөн дүүрэг дэх уулын ам юм. Ингэхээр нийслэлд өмчлөх газар бага үлдсэн. Харин хөдөө орон нутагт газар өмчлөх боломжтой.

Нийслэлд 0.07 га бол хөдөө орон нутагт 0.5 га буюу илүү том газар өмчлөх боломж бий. Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон газар зохион байгуулалтын албанаас нь XXI хорооны нутаг дэвсгэр Аргүнтэд эзэмших эрхээ авсан 306 иргэнд сонсгол мэдээ хүргэж байна. Эдгээр иргэний эзэмшлийн зуслангийн 685 газрыг цуцлах болсон тухай мэдэгдэл гаргах болсон нь газрын төлбөрөө төлөөгүй, эзэмших эрх авсан ч газраа зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, суурьшлын бүс үүсэж байгаа газруудад зэлүүд, хоосон байдаг. Хүнд өгье гэхээр эзэнтэй. Тэгсэн хэр нь хашаагүй. Иймд эдгээр иргэнд газрын төлбөрөө төлж, эзэмшлийн газраа хашаалж, зориулалтын дагуу ашиглахыг сануулж байгаа юм. Тэрнээс биш, иргэний өмчилж авсан газрын эрхийг шууд цуцлахгүй” гэв.

Эх сурвалж: Үндэсний шуудан

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.