Л.Цэдэвсүрэн: Бага дунд боловсролын салбарт системийн нэгдсэн платформ байхгүй байна

2020 оны 08 сарын 11

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. 

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Цар тахлын онцгой нөхцөлд боловсролын сургалтыг хэрхэн цахим хэлбэрт шилжүүлэх вэ гэдгийг ярилцахаараа өнөөдрийн хэлэлцүүлэг онцлог юм. Боловсролын салбарт илүү ихээр нөлөөлж, хүртээмж нэмэгдэж өртөг буурахыг үгүйсгэхгүй. Дэлхийд 26 орон хичээлээ маш олон төрлөөр эхлүүлэхээ бэлтгэлдээ ороод байна. Бид мөн танхимын болон цахим гэсэн хэлбэрээр хийхээр болсон. Бид цахим сургалтыг хийж үзсэн. Бид H1N1 вирусийн үед цахим сургалт хийж байсан ч тухайн үедээ учир дутагдалтай байсан.

Бага дунд боловсролын салбарт системийн нэгдсэн платформ байхгүй байна. Мөн сургуулийн интернетийн хурдыг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ялангуяа багш нарыг цахим хичээл хийхэд сургах шаардлагатай байна. Хоосон танхимд, хоосон хана хараад хичээл заахад мэдээж хэцүү. Гэсэн ч багш нар маань богино хугацаанд суралцаж чадсан. Багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэдэг сургуулиуд хөтөлбөртөө цахим хичээл заах арга барилыг заавал оруулах шаардлагатай байна.  

Хоёр удаа хөндлөнгийн багаар үнэлүүлээд "Цахим орчин дахь боловсролын эрх зүйн орчин" шаардлагатай байгааг тодорхойллоо. УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй хэмээн ажиллаж байна. Олон улсад нийцсэн онлайн хичээлийг бий болгох, түүнийгээ ашиглах аргачлалыг бүрдүүлэх шаардлагатай болж байна. Цахим боловсролын үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг тодорхойллоо. 

Бид мэдээлэл технологийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх цаг нь болсон.

COVID-19 цар тахал хэзээ дуусахыг бид мэдэхгүй. Тиймээс цахим боловсролын арга барилд бид суралцаж хүүхдүүдээ дэлхийтэй хөл нийлүүлсэн аргачлалаар боловсрол олгох шаардлагатай байна."

БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "2019-2020 онд ЕБС-ийн сургалтын 47 хувийг зайнаас хийсэн. Таван зүйлд цахим шилжилт хийх шаардлагатай байна хэмээн тодорхойлж байна.

  1. Дижитал сургалт буюу платформыг бий болгох. Цаашдаа нэгдсэн нэг платформтой байх шаардлагатай байна
  2. Удирдлагын ухаалаг систем. Эргэх холбоотой системийг нутагшуулах шаардлагатай байна. Бид теле хичээлийн ирцийг бүртгэж байсан ч тухайн хүүхэд сэтгэл ханамжтай байсан уу, хэр зэрэг хийсэн гэдэг нь тодорхой бус байсан.
  3. Каталоги буюу нээлттэй эх үүсвэрүүдийг олон хувилбараар байршуулах хэрэгтэй байна. Бид шинээр бүтээж чадахгүй бол хамгийн сайн гэсэн гадаадын хувилбарыг орчуулан хүргэх.
  4. Портфолио буюу тухайн багшийн талаарх мэдээлэл
  5. Зүгээр нэг мэргэжлийн камертай зураглаачийн хийх зүйл биш тусгай студи, зориулалтын анги танхим шаардлагатай байна.

Хүүхдийн анхаарлыг татах арга барил маш чухал болоод байна. Цаашлаад хүүхдийн танин мэдэхүй дээр суурилсан, анхаарал татах зүйлс хэрэгтэй юм. Цахим сургалт нь багшийн ур чадвараас шууд хамаатай болсон."

УИХ-ын гишүүн Н.Учрал "Өнгөрсөн хавар бид теле хичээл, цахимаар хичээлээ хийсэн ч бага ангийн сурагчид заавал эцэг эхтэйгээ хамтран хийх шаардлагатай, амьдралын түвшин доогуур хүүхдүүд цахилгаан байхгүй зэргээс үүдэн алсын зайн сургалтад дутагдалтай зүйлс их байлаа. Тиймээс цаашид хэрхэх талаар өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой юм."

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.