Э.Баярмаа: Архинд хордсон хүний тархины эс үхжиж, алга болсон байдаг

2020 оны 08 сарын 11

21-р зууныг дэлхий нийт тархи судлалын эрин үе гэж нэрийдээд буй. Монгол дах тархи судлалын шинжлэх ухааны талаар ЭМЯ-ны эмгэг судлалын салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн БАС-ийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Э.Баярмаатай ярилцлаа. 


-Олон улстай харьцуулахад Монгол улсад тархины өвчлөл ямар байна вэ. Гол шалтгаан ба насжилтын хувьд мэдээлэл өгнө үү?
-Монголчуудын дунд тохиолдож байгаа тархины эмгэг судлалын талаас аваад үзвэл, тархины судасны эмгэг хамгийн их тохиолдож байна. Үүнтэй холбоотой тархинд цус харвах мөн аваар ослоос үүдсэн гадны нөлөөтэй эмгэгүүд дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын өвчлөл дээрээ тодорхой заагдсан байгаа. Улсын 3-р төв эмнэлгийн тархины мэс заслын тасагт тархины хавдартай холбоотой мэс засал, оношилгоо төвлөрсөн байдаг. 2016-аас хойш тасралтгүй ямар хүмүүст тархины хавдар зонхилон тохиолдож байгаа талаар судалгаа явуулахад монгол хүмүүсийн дунд тархины  хоргүй хавдар зонхилон мэс засалд орж байсан. 2016 онд олон улсын түвшинд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тархины хавдрын эд эсийн ангиллыг шинжлэн тодорхойлсон. Тархины хавдартай хүмүүсээс генийн мутацийг илрүүлсэн. Хэрвээ тэр генийн мутаци нь өндөр илэрсэн бол тухайн хүнд мэс засал хийхгүйгээр туяа эмчилгээ хийж, хувь хүнд чиглэсэн заалтыг оруулж ирээд энэ ангиллын дагуу бид судалгаа хийсэн. Тархины анхдагч хортой хавдар нь эрэгтэй, эмэгтэй 50, 50 хувийн ижил, дундаж наслалт нь 35-45 насныхан байна. Үүнийг тархи судлалын хамгийн орчин үеийн арга буюу тархан туяарлын аргаар оношилж байна. 


-Энэ нь монгол улсад тархины хавдрыг 100 хувьд оношилж чадаж байна гэж үзэж болох уу?
- Мэдрэлийн мэс заслын хөгжил 50 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаандаа хагалгааны явцад болон өмнө тархины хавдрыг бүрэн оношилох боломжтой. 


- Судалгааны дүнгээс харахад шалтгаан нь юу байна вэ?
- Тархины хавдар юунаас болж үүсч байгаа талаар дэлхийн нийтээрээ судалсаар л байна. 21-р зууныг тархи судлалын эрин зуун гэж нэрлээд байна. Таамаглалууд нь удамшиж байгаа генийн мутациас үүдэлтэй байх магадлалтай. Хавдар бол оргүй зүйлээс огт үүсдэггүй тул ямар нэг шалтаг шалтгаан мэдээж бий. Түүнд гадны нөлөөтэй гэмтэл, гаж хөгжил гэх мэт үүнийг одоо болтол судалсаар л байна. Тархи судлалыг яагаад шинэ гэж нэрийддэгийн учир нь бүх зүйл таамаг байна. Маш олон тархины өвчлөлүүд бий болж, эдгээрийг тайлах гэж л судалж байна. Анхаарал дутах, хэт хөдөлгөөндөх буюу үүнийг дээр үед сахилгагүй хүүхэд гэж нэрлэдэг байсан. Хичээл номоо хийдэггүй, огт тайван суудаггүй хүүхдийн тархийг орчин үеийн технологиор оношилоход тархины эмгэг байх магадлалтай гэдгийг тайлбарласан. 


-Архи уусан үед хүний тархи ямархуу байдалтай болдог вэ. Согтуу хүний тархи хар өнгөтэй байдаг  гэсэн ойлголт зөв үү? 
- Архинд хордсон тархины эс үхжсэн байдаг. Эсвэл эс хатингаршиж алга болсон байдаг. Бага тархинд илүү тэр эмгэг байдаг. Харин харлана гэдэг нь тархины эд байхгүй,үхжилт байгаа газар харлаж харагддаг.  Мөн тэмбүүгийн халдвараар өвчилсөн хүн гуравдагч үедээ орж ирэхэд мэдрэлийн тэмбүүтэй болно. Энэ үед тархины эд эсүүд мөн л үхжинэ. Тархины өвчтэй байна гэдэг нь эхлээд зан төрхийн, харьцаа хандлага, биеэ авч явах байдал зэрэг нь өөрчлөгдөнө. Сүүд нь эргэшгүй өөрчлөлтүүдтэй тулгардаг. Тэгэхээр олон нийтийн дунд эрүүл мэндийг боловсрол хэрэгтэй байна. 

Т.Номин 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.