Оршуулгын зан үйлийг экологид эерэг болгоё

2020 оны 08 сарын 11

Оршуулгын газар нь экологид төдийгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Хүний цогцсыг газарт булж оршуулахад хөрс бохирдож халдварт өвчин үүсгэх нян үржиж, зарим нь 20-30 жил амьдрах чадвартай байдаг аж. Шарил задрах явцдаа 30-40 жил хадгалагдах 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулдаг байна Улмаар агаарт хорт бодис задарч ойр орчимд айл байх нь битгий хэл хүн удаан амьдрахад сөрөг нөлөөтэй гэнэ.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батдэлгэрээс оршуулгын газрын хорт хийн талаар тодруулахад “Нүүрстөрөгчийн исэл нь, хүний амьсгалж буй агаарын хамт бодгальд орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт нөлөө үзүүлдэг. Харин азотын ислүүд нь, хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж уушгийг гэмтээдэг” гэв.

Хэрвээ хөрсөнд гүн нэвчсэн тохиолдолд нийслэлчүүд гүний худгийн уснаасаа ч хордох эрсдэлтэй гэдэг нь үнэний ортой. Манай улсад хотын буруу төлөвлөлт, хүн амын хэт төвлөрөлтэй зэрэгцэн оршуулгын зан үйлийн талбайн зохицуулалт, зохион байгуулалтын асуудал хэт замбараагүй болсон. Үүнээс гадна зөвшөөрөлгүй газарт оршуулга хийх асуудал гарсаар байна. Харин үүнийг шийдвэрлэх асуудлыг тэр бүр анхаарсангүй. Байгаль экологид хор уршиг багатай болгох зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, газарт хөдөөлүүлэх бус чандарлах үйл ажиллагааг сэргээх иргэдэд таниулах, иргэд зөвшөөрөлтэй байгууллагаар үйлчлүүлж байгаа эсэхээ сайтар судлах нь дээрх хор уршгийг арилгах нэг арга юм. 

Чимээгүй хотын талбай нэмэгдсээр

Манай улсад чимээгүй хотын эзлэх талбай улам бүр нэмэгдэж байгаа. Энэ асуудлыг цэгцлэхээр нийслэлийн ИТХ-ын хурлаар оршуулгын газруудын байршил, хэмжээг тогтоож, заримыг нь хаах шийдвэр гаргажээ. Тухайлбал, Далан давхрын, Цагаан давааны, Буянт-Ухаагийн, Мянган лантын, Оросын болон Японы оршуулгын газруудыг хаахаар болсон байна. Одоогоор Нарангийн энгэрийн, Исламын шашинтны, Алтан өлгийн, Өлзийт хорооллын, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2”-ын оршуулгын газрууд зөвшөөрөлтэй байна. Харин хаагдсан газруудын харуул хамгаалалтын асуудал бүрхэг хэвээр байна. Харуул хамгаалалттай болгохгүй зөвшөөрөлгүйгээр талбайг томсгож, оршуулга хийх явдал гарах болжээ. Энэ хэрээр хөрсийг бохирдуулах, ойр орчмын газар, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөд ойрхон байна.

Оршуулгын зан үйл эко хэлбэрт шилжиж байна

Дэлхий нийтийн оршуулгын үйл ажиллагааны чиг хандлага ч эко хэлбэрт шилжиж байна. Тухайлбал, газарт оршуулах зан үйлийн хувьд хайрцгийг хөрсөнд хурдан шингэх материалаар хийх, оршуулсан газрын дээр мод ургамал тарих гэх мэтээр зан үйл хийдэг болжээ. Мөн сүүлийн үед оршуулгад хэрэглэж буй хөшөө, чулууны хэмжээг багасгаж байгаа. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь чандарлаж оршуулах зан үйл гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөх болсон. Дэлхийн нийт нас барагсдын 40 хувийг чандарлах зан үйлээр оршуулдаг гэсэн судалгаа бий.

Чандарлах зан үйл нь Монгол Улсад эрт дээр үеэс хүлээн зөвшөөрөгдсөн оршуулгын нэг хэлбэр байсан аж. Харин Улаанбаатарт 2004 оноос эхлэн чандарлах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна. Хотод хотын хэмжээнд жилд дунджаар 7500 орчим хүн өөд болдог аж. Тэдний ар гэрийнхний 20 орчим хувь нь л чандарлах зан үйлийг сонгодог бол үлдсэн 80 хувь нь газарт оршуулахыг эрхэмлэдэг байна. Оршуулгын үнэ өртгийн хувьд чандарлах заан үйл нь 980 мянган төгрөгийн багц үйлчилгээнээс эхэлдэг бол газарт оршуулах нь 1.2 саяас эхэлдэг аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.