Цагаан хоолтон болохоор шийдсэн бол

2020 оны 08 сарын 10

Сүүлийн жилүүдэд “махчин” хэмээх тодотголтой монголчууд бидний тодорхой хувь нь махнаас татгалзсаар байна. Эрс тэс уур амьсгалтай өндөрлөг газарт нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд эртнээс нааш махаа идэж, энэ хэрээр байгалийн хатуу ширүүнийг давж ирсэн ард түмэн. Гэсэн хэдий ч амьтдыг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үүднээс дэлхий нийт амьтны махнаас татгалзаад удаж буй. Манайхан ч гэсэн махнаас татгалзсаар байгаа хэдий ч цагаан хоолны талаар төдийлөн зөв мэдээлэлгүйн балгаар эрүүл мэндээ хохироох явдал гарсаар буйг мэргэжлийн эмч нар хэлж байна. Үүнээс улбаалан цагаан хоол нь эрс тэс уур амьсгал дунд амьдардаг монголчууд бидэнд зохихгүй гэсэн сэтгэхүйтэй болсон нь ч бий.  Тэгвэл энэ удаа цагаан хоолтон болохоор, магадгүй тодорхой хугацаанд үүнийг идэхээр төлөвлөсөн бол заавал мэдэж байх ёстой хэдэн зүйлсийг хүргэж байна.  

В12 АМИН ДЭМ

Энэхүү амин дэм нь зөвхөн малын гаралтай бүтээгдэхүүнд л агуулагддаг. Тиймээс амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж байгаа энэ үед уг амин дэмийг заавал шахмал витамин хэлбэрээс нь авч болно. В12 амин дэм нь хүний уураг тархи, мэдрэлийн тогтолцоо, цусны эсийн эрүүл мэнд зэрэгт маш чухал нөлөөтэй. Хэрвээ энэхүү амин дэм дутагдвал бие ядарч сульдан ядаргаанд орох, бие эрч хүч идэвх муутай болох, гэдэсний түгжрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлэх болон хоол идэх зуршлыг бууруулдаг байна. Мөн бие цаанаасаа турж, амархан стресстэж, мэдрэлийн ядаргаанд ордог ажээ. Тиймээс махнаас татгалзаж, дээр нь В12 амин дэмийг шахмал витамин хэлбэрээр уухгүй явбал өвчний үүр болж эхэлдэг байна.

ТӨМӨР

Хүн махнаас 40 хувийн төмрийг олж авдаг байна. Харин үлдсэн хэсгийг нь шош, наранцэцгийн үр, үзэм болон ногоон ургамлуудаас авдаг ажээ. Тиймээс цагаан хоол идэхээр шийдсэн бол дээрх хүнсийг хэрэглэхээс гадна нэмэлт төмрийн бэлдмэлийг хэрэглэж байх нь илүү тустай.

УУРГАА НӨХӨХ ӨӨР ЭХ СУРВАЛЖ ХАЙ

Амьтны гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнүүдэд уураг агуулагддаг. Эмэгтэй хүн өдөрт 46 гр, эрэгтэйчүүд 56 гр уургийг хоол хүнснээсээ авч байх ёстой байдаг. Уургаа нөхөж чадахгүй бол эрч хүч суларч, амархан ядарч сульдахаас эхлээд олон өвчний эх үүсвэр болдог учир уургийг нөхөх хүнс сайтар судалж, хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Тухайлбал, ногоон вандуй, самар болон самрын тос, шош, дүпү, ногоон навчит ургамлууд, наранцэцэг болон гүнждийн үр зэрэгт уураг их хэмжээгээр агуулагддаг. Хэрвээ зөвхөн мах идэхгүй, бусад амьтны гаралтай хүнс хэрэглэнэ гэвэл өндөг нь хамгийн их уургаар баялаг хүнс юм.

ОЛОН ТӨРЛИЙН АМИН ДЭМ ХЭРЭГЛЭ

Хүйтэн сэрүүний үед уургаа бүрэн нөхөж чадаагүйгээс бие сульдаж, дархлааны систем суларч, амархан өвчин тусах эхлэл тавигддаг. Тиймээс олон төрлийн амин дэмийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Заавал нэмэлт шахмал бэлдмэл хэрэглэхгүйгээр олон төрлийн жимс жимсгэнээр өглөө бүр смүүти, эсвэл шүүсийг нь шахан ууж заншихыг зөвлөж байна. Энэ нь таны биеийг ядарч сульдахаас хамгаалж, эрч хүчийг тань сэлбэх болно.

КАЛЬЦИ

Насанд хүрсэн хүн өдөрт багадаа л 1 гр кальцийг хоол тэжээлээсээ авч байх ёстой хэмээн заасан байдаг бөгөөд хэрвээ үүнийгээ авч чадахгүй бол кальцийн дутагдалд ордог байна. Тэгвэл судлаачид ногоон хоолтон өдөрт авах кальциа хоол хүнснээсээ авч чаддаггүйг тогтоожээ. Тиймээс кальци ихээр агуулагддаг буржгар болон цэцэгт байцаа, бууцай, бүйлс самар, шош зэрэг хүнсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.   

ОМЕГА 3

Дахин урвалд орох, бусад бодистой нэгдэн задрах, шимэгдэх боломжтой өөх тос буюу ханаагүй өөх тосны нэг хэлбэр бол Омега 3 юм. Энэхүү амин дэм нь зүрхний үйл ажиллагаанд нэн тустай бөгөөд далайн гаралтай бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг. Гэхдээ амьтны гаралтай хүнс хэрэглэхгүй бол үүнийг хушга самар, шар буурцгийг тос, маалингын үр зэргээс авах боломжтой.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.