Л. Баттүвшин "Хүүхэд тайван орчинд өсөхийн хэрээр оюун ухаан өндөр хөгжинө"

2020 оны 08 сарын 10

АШУҮИС-ын тархи судлалын хүрээлэнгийн захирал Л. Баттүвшинтэй ярилцлаа.

- Хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй вэ. Эцэг эхчүүд юун дээр анхаарах вэ?

- Хүүхдийн тархи нас насандаа тохирсон боловсрол шаарддаг. Яг тухайн насанд нь тохирсон хичээлүүдийг нь заах, эрт унтуулах, босгох, ямар нэгэн стрессгүйгээр тайван орчинд өсгөж хүмүүжүүлж чадвал  хүүхдийн оюун ухааны чадвар өндөр хөгжинө.

- Бага насны хүүхэд өнгөт дэлгэцэнд донтох асуудал их болсон байна. Жишээлбэл утсаар тоглоно гэж зөрүүдэлж, уйлдаг. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү?

- Насанд хүрсэн хүн 50 минутын дараа анхаарал сарнидаг. Харин 1-2 насны хүүхэд гар утас хэрэглэж болохгүй. Хараа, ой тогтоолтод маш муу нөлөөтэй. Телевизийн хувьд насанд нь тохирсон хүүхдийн нэвтрүүлгүүдийг үзүүлж болно. Гэхдээ бага хугацаагаар, завсарлагаатай буюу 3 настай хүүхдэд  3-5 минут байхад хангалттай. Түүнээс хэтэрвэл хүүхэд ядарч эхэлдэг. Уйлах гэх мэт асуудал дээр гэвэл, дүрэм л бол дүрэм л байх ёстой. 13-аас доош насны хүүхэд фэйсбүүк хэрэглэж болохгүй гэсэн л бол тэр дүрмээ дагах л хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр ард нарийн судалгаа, шинжилгээний үр дүн байдаг учраас. 

-Мартах, ой тогтоолт муудах гол шалтгаан нь юу вэ? Энэ нь өсвөр насныханд их тохиолдож байна ?

- Өсвөр насны хүүхдүүдэд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр гэр бүлийн орчин ба сургуулийн орчин л байдаг. Хүн гэдэг ганцаараа бус сүргээрээ амьдардаг амьтан. Тиймээс нийгмийн харилцаа маш чухал.  Тухайн харилцааны орчин эрүүл байвал, мартах гэх мэт сэтгэцийн эмгэгүүд илрэхгүй. Гэхдээ үүнийг хянах их хэцүү л дээ. Дээрэлхэлт, хүчирхийлэл, гадуурхалт гэх мэт зүйлсээс ангид байх хэрэгтэй.

-Тархины эд эсийг идэвхигүй болгож үхүүлж байдаг зүйл нь юу вэ. Хэрхэн сэргийлэх вэ?

-  Тархинд хамгийн их нөлөөлдөг зүйлүүд нь гадны нөлөөллүүд байна. Үүнд гэмтэл, стресс, архи, тамхины зохисгүй хэрэглээ бусад зүйлсүүд багтана. Ер нь тархийг тайван орчинд байлгах шиг  сайн зүйл үгүй. 

Т.Номин 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.