Андлалын өргөө арай л юм аа...

2020 оны 08 сарын 10

Хэнтий аймгийн Батноров суманд Андлалын өргөө босож байгаа сураг сонсогдоод л байв. Сайхан ч санаа. Минин, Пожарский хоёрын гэх мэт их үйлсийн хамтран зүтгэгчдэд зориулсан хөшөө бол мэр сэр бий. Харин яг Андлал гэдэг энэ эрхэм утгад нь босгосон хөшөөг би л сонсонгүй ээ.

Тэгэхээр Монголд маань нэг ийм утга агуулга бүхий хөшөө босох нь ер аялал жуулчлал төдийгүй үндэстний оюун сэтгэлгээнд тусах гэрэл гэгээ нь хаачихав хэмээн баясан бодож явсансан. Санаачилж, эхлүүлж буй хүмүүст нь далдуурхан талархаж явав. Засмал зам очих юм байна. Цахилгаан нь оччихож.

Харин очоод нүдээрээ харваас нэг л биш ээ. Юу нь биш вэ гэхээр...

1. Арай л нүнжиггүй... 2,8 тэрбумын өртөгтэй гэв. Цемент, шавар, төмөр, хөөсөнцөр. Ямар манайд байшин барьж буй биш. Дөрвөн талд нь дөрвөн шагай байрлуулж, бүгд шавар, цемент. Жижиг ширээний хэмжээтэй юм. Ядаж тэр дөрвөн шагайг боржингоор хийчих нүнжиг байдаггүй ээ. Хотын төвд өнөөх талбай дээрээс хөөгдсөн чулуун дөрвөлжингүүд хэдэн арваараа хаа сайгүй л тэнэх юм билээ. Хаалга нь ч мөн орон сууц, офисийн вакуум хаалга. Тэр цогцолбортойгоо ч зохицож буй юм алга. Хямдхандуу пилтадсан үүдний шал. Иймэрхүү юм удахгүй хагараад, ховхроод эхэлдэг дээ. Хүндэтгэл, андлалын ёслол үйлдүүлэх, хүний сэтгэлийг татах гэж буй бол ийм нүнжиггүй байж таарахгүй ээ.

2. Арай л билгэгүй... Тэмүчин, Боорчи хоёр чонын цээжин дотроос гарч ирдэг нь яаж байгаа юм бол? Чоноос төрсөн гэж буй хэрэг үү? Андлалд чоно ямар хамаа холбоотой байдаг вэ? Чоно илүү сайн нөхөрлөж чаддаг уу? Өөтэй нүдээр өлөн харвал цоройсон хоёр өт шиг ч харагдана. Ер ингэхэд анд нөхдүүд хэрсэн бух шиг духаараа тулдаг нь ч яаж байгаа юм, бүү мэд. Чонын хажуу хавирга ташаагаар нь байгаа хээ гоо ямар учиртай юм бол? Андлалын билгэдэл лав биш ээ? 80-аад оны Уянга хийцийн гэрийн модны унин дээр байдаг хээтэй төстэй. Чонын нуруугаар буй бугын эвэр хэвтэй хээ байх. Бас хоёр баатрын мөргөлдсөн духны дундуур гарч буй зай нь суварганы хэлбэртэй гэх. Ингэхэд андлалд суварган дүрс бас ямар хамаатай юм бол? Үүнийг сайн муугаар тайлбал янз бүрээр л хэлэх байх. Гэхдээ ийм олон юмны холион бантан болгомооргүй, олон билгэдэл хольчихоор л сайн сайхан болчихдог юм биш. Учир дараалалтай, уялдаа холбоотой баймааж билгэдэл мөн чанараа олдог.

3. Арай л хүндэтгэлгүй... Энэ өргөөний хоёр талд байх чонын гэдсэнд ороод дээш мушгирсан төмөр шатаар гарна. Түүгээр өгсөж байхад эртний Европын дундад зууны цайзын доор орших төмөр шоронд яваа мэт сэтгэгдэл төрнө. Төмөр хяхнаж, харанхуйлж, тал талаас бачимдаж... гинж харжигнаж... Хоёр биерхүү хүн зөрөх ч аргагүй давчуу. Дээш гараад тэр бөгс эргэх зайгүй мухарт ер яах ч юм бүү мэд. Ямар нэгэн ёслол үйлдэхэд хэцүү. Чонын чихээр харах шагайвчтай бололтой. Хөшөөний дор буюу бидний хэлж сурснаар подвальд арай уужуу танхим байх. Хараахан дуусаагүй байна. Тэнд ямар нэгэн тохижилт хийгдэх байх, юутай ч одоо шалан дээр дэлгэчихсэн байгаа хулдаасан хэвлэлийн Монголын эзэнт гүрний газрын зураг байхгүй байх гэж найдаж байна. Харин тэндээ 00-той. Газар мундсан биш тэр 00-ийг гадаах машины зогсоолын дэргэд хийж болдоггүй юм болов уу? Ядаж байхад өнөөх 00-ийнхоо агааржуулагчийг гадаах дөрвөн буланд байгаа шавран шагайныхаа дундуур нүхлээд гаргачихсан. Ингэхэд андлалын ёс зан үйлийг хаана хийх юм бол, тэр дээр байгаа давчуу харанхуй хонгилд уу, /гэрэл тавих л байх, гэхдээ юунаас нуугдаж, байгалийн гэрэлгүй болгодог хэрэг вэ? Задгай тэнгэрийн дор андалддаг биш билүү?/ эсвэл 00-той подвальд нь уу? Барьж буй компани нь наадмын өмнө л явцгаасан, 7 сарын 20-д хүртэл сураггүй гэнэ. Хог новш, 00-ийн цаас хөглөрнө.

4. Арай л сэтгэлгүй... Нэг иймэрхүү зүйлээр хүний сэтгэлийг татахгүй. Сэтгэл бүү хэл нүд ч хужирлах нь юу л бол. Цэвэр цагаан гантигаар босгож, өнгө өнгийн эрдэнийн чулуудыг шигтгэн хээлсэн хүн төрөлхтний хайрын билгэдэл Таж Махалтай барьцахгүй ч арай л нэг ийм шавар, төмөр, бас билгэ билгэдэл нь ойлгомжгүй баймааргүй байна. Хүндэтгэл бахархал үгүй бол андлал үгүй. Хүндэтгэл бахархал үгүй газарт андлалын утга ч буурна. Үнэ цэнэтэй байх учиртай зүйлдээ арай л сэтгэлгүй хандаж байх шиг. Хэнийг л хуурах гээд байна даа. "Хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор" гэдэг шиг ард түмнээ энүүхнээр аргалах гээд л байна уу даа. Юм үзчихсэн шүү, дэлхийтэй танилцчихсан ард түмэн.

Энэ орчлонд амьдрагч хүмүүний хамгийн эрхэм сайхан харьцаа нь Андлал. Андгүй хүнийг илдгүй дайчин, унаагүй аянчин, галгүй зуухтай ч зүйрлэмгүй. Сайн анд хүмүүний чимэг, андлал амьдралын чимэг.

Дээрэмд алдсан шаргатай найман агтынхаа араас ганцаар зүтгэн явах Тэмүчин хөвүүнтэй Боорчи таарч, чин сэтгэлээр туслан, амь нас эрсдэж ч мэдэх алс эрэлд нь хамтардаг. Тэдний энэ нөхөрлөл хожмоо дэлхийн эзэнт гүрний оюун санааны суурь дэвсгэр болсон. Тэд 1206 онд Их Монгол Улсаа тунхаглатлаа амь өрссөн хатуу ширүүн тэмцлийн гал дундуур гарч, ялагдаж, хөөгдөж, үгүйрч явсан. Гэвч тэр бүх шалгуур сорилуудад тэдний андын нөхөрлөл, нэгнээ гэх сэтгэл итгэл нь улам бат бөх болж байв. Андгай тавиагүй ч тэдний андлал нь хүн төрөлхтний түүхэнд нэн ховор эрхэм чанар, харилцаа, бас аугаа их амжилтад хүрсэн түүх.
Ийм эрхэм нандин үйл, мөн чанарт зориулсан Андлалын дурсгалыг ингэж гурилдахгүй ээ, "Оргүйд орвол охинтой нь дээр" гэдэг ядарсан сэтгэлгээ энэ тохиолдолд бүр ч хэрэггүй.

Хийж буй үйлийнхээ мөн чанарыг эхлээд олж хардаг болоосой. Тэгвэл ингэж нүнжиггүй, билэггүй, хүндэтгэлгүй, сэтгэлгүй хандахгүй дээ. Магадгүй би хувьд арай л ихийг, сүрлэг эрхэмсэгийг хүсэж хүлээгээд байснаас ингэж сэтгэл дундуур үлдсэн байх. Бас хараахан дуусгаагүй байгаа. Бүрэн ашиглалтад орохоороо өнөө харагдаж буйгаасаа дээрдэх л байх. Гэхдээ одоо нэгэнт хийгдсэн, хийгдэж буй зүйлсийг нь харахаар АРАЙ Л ЮМ АА, дуугүй өнгөрч чадсангүй. Уучлаарай. Засаж сайжруулаасай гэж хүсэж байна. Ядахдаа дараа дараагийнхаа бүтээн босголтод энэ мэт эндүү андууг бүү давтаасай...

Б.Наминчимэд

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.