Ливаны нийслэлд иргэдийн эсэргүүцэл хүчээ авч, нэг албан хаагч амь үрэгджээ

2020 оны 08 сарын 09

 Бейрут хотод болсон  дэлбэрэлтийн дараа Ливаны иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжсээр байна.

Бямба гарагт хэдэн мянган иргэн гудамжинд жагсаж, цагдаагийн хүчтэй мөргөлдсөний улмаас нэг цагдаагийн албан хаагч амь үрэгджээ.

Энэ үеэр хотын төв талбайгаас буун дуу сонсогдож байсныг хүмүүс гэрчилсэн байна.

Тэмцэгчид мөн хэд хэдэн яамны байранд нэвтэрсэн бөгөөд тус яамны хаалга Мягмар гарагийн дэлбэрэлтийн үеэр эвдэрсэн тул нэвтрэхэд хялбар байсан тухай эх сурвалж мэдээлжээ. Хэдэн цагийн дараа цэргүүд гадаад хэргийн яамны байрнаас тэмцэгчдийг хөөж гаргасан ч бусад яамдын байрууд эзлэгдсэн хэвээр үлдсэн байна.

Бямба гарагийн жагсаалд оролцсон иргэдийн тоог 5,000-10,000 орчим гэж тооцоолсон байна.

Ливаны ерөнхий сайд Хассан Диаб улс төрийн хямралаас гарахын тулд сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах ёстойг мэдэгджээ.

Ливаны иргэд улс төрийн шинэчлэл хийхийг шаардаж, өнгөрсөн оны аравдугаар сараас хойш засгийн газрынхаа эсрэг тэмцэж байгаа.

Дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 158 хүрч, шархдаж бэртсэн хүний тоо 6,000 даваад байгаа юм. Үүнээс гадна 300,000 орчим хүн орон гэргүй болжээ. Мягмар гарагт болсон дэлбэрэлт энэ тэмцлийг улам хурцатгаж байна.

2,000 гаруй тонн бордоонд хэрэглэдэг аммиакийн шүү хэмээх тэсрэмтгий бодис 2014 оноос хойш ямар ч хяналт шалгалтгүйгээр Бейрут хотын боомтод хадгалагдаж байсан нь мөрдлөгийн явцад ил болсон байна. Засгийн газар энэ хэрэгт холбогдуулан 21 хүнийг баривчлаад байгаагийн дотор Ливаны гаалийн газрын дарга багтжээ.

Ийм аюултай их хэмжээний бодис нийслэл хотын төвд ойрхон агуулахад олон жил хадгалагдаж байсан нь Ливанчуудыг бухимдуулж байна.

НҮБ-ын харьяа байгууллагууд Ливанд хүнсний хомсдол бий болж, коронавирусийн цар тахалтай тэмцэх боломжгүй болсноос хүмүүнлэгийн гамшиг үүсэхэд ойрхон байгааг анхааруулжээ.

 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.