М.Мөнх-Ундрал: “Мэраки” үзэсгэлэнгийн орлогыг хорт хавдартай хүүхдэд хандивлаж байсан

2020 оны 08 сарын 09

Энэ сарын 7-ноос 14-ний хооронд “Юу Би Инн” зочид буудалд 6-17 насны хөгжлийн бэрхшээлтэй 68 хүүхдийн “Мэраки” нэртэй 80 гаруй уран зургийн үзэсгэлэн нээгдлээ.

Энэхүү үзэсгэлэнг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор “The Ulaanbaatar Elite International School”-ийн дэргэдэх “Elite hive academy”-ийн “Альфа клуб”-ээс санаачлан “Би Монголын Ирээдүй” сэдэвт гар зургийн сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв (ХБХСЗХТ)-д өнгөрсөн сарын 24, энэ сарын 3-нд зохион байгуулжээ.

“Альфа клуб”-ын гишүүн М.Мөнх-Ундрал охин : Мэраки уламжлалт үзэсгэлэн бол сайн үйлсэд зориулагдсан. Өмнө жил үзэсгэлэнгийн орлогоороо хорт хавдартай хүүхдэд тусалсан. Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтарч ажиллаж байгаагаараа илүү давуу талтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ сэргээн засах төв дээр хоёр удаагийн сургалт зохион байгуулсан. Үүний үр дүнд хүүхдүүдийнхээ янз бүрийн ертөнцийг харах өнцгийг илрүүллээ. Тэр бүх зургийг үзэсгэлэндээ багтаахыг зорьсон.

-Уг үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажиллаад юу сурч, мэдэж авч байна вэ?

Би энэ төсөлд хамрагдсанаараа маш олон зүйл сурсан. Өмнө нь огт зураг сонирхдоггүй байсан бол одоо хоёр зураачтайгаа ярилцаад цаашдаа зураг зурах бодолтой болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харьцаж сурсан. Хичээл заана гэдэг маш хэцүү, багш нарынх нь хичээл зүтгэлийг ойлгосон. Тэдний маань бүтээлийн үзэсгэлэн амжилттай нээлтээ хийж байгаад туйлын баяртай байна.

The Ulaanbaatar Elite International School-ийн захирал Б.Тамир: Манай сургуулийн ахлах ангийн хүүхдүүд өөрсдийн мэддэг, чаддагаа хуваалцахаар энэхүү сургалтын төслийг зохион байгуулж байгаа. “Альфа” багийн энэ төсөл таван үе шаттай. Ганц манай сургууль биш хөдөө орон нутаг, бусад өөр сургуулийн хүүхдүүд ч бий. Нийт 50 хүүхэд тав, таваараа баг болж төсөл боловсруулж, олон нийтийн үйл ажиллагаа тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү хандсан сургалт зохион байгуулья гэсэн санаачлага гаргасан. Ингэснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж, тэдний чадварыг  олон нийтэд илүү таниулж, ойлгуулах зорилго тавьсан. Миний зүгээс зөвхөн дэмжих талаас ажилласан. Хүүхдүүд өөрсдөө байгууллагын даргатай очиж уулзаад саналаа танилцуулаад, багш нартайгаа уулзаад сургалтуудаа хийсэн. Энэ ажлын чухал ач холбогдол нь хүүхдүүд өөрсдөө төсөл санаачлан олон нийт, нийгэмд хэрэгтэй ажил хийж байгаа нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт ач холбогдлын асуудал нь Монголд тулгамдсан асуудал байдаг.

Зураач, чиглүүлэгч багш М. Дуулал “Би “Альфа” багийн хүүхдүүдтэй хамт ХБХХҮТ-д хоёр хоног хүүхдүүдэд зургийн хичээл заасан. Манай хүүхдүүд багаар сууж, хүчин чармайлт гарган мундаг бүтээлүүд гаргацгаасан.

Хүүхдүүдтэй тулж ажиллахад танд ямар санагдсан бэ?

-“Альфа” багийнханы хувьд манай шинэ үе буюу Z Generation бол бид нарын арван жилд байсан үеийнхээс илүү хөгжсөн байна. Идэвхтэй санаачлагатай өөр түвшний хүүхдүүд гарж ирж байна гэж ойлголоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд үнэхээр мундаг байлаа. Хоёр цаг суулгаад зураг зуруулахад нэг ч ган хийлгүй, босохгүй яг төвлөрч зурсан. Зарим нь бийрээ бариад будаг найруулаад, цаасан дээрээ будах гэдэг нь маш том ажил болж байгаа юм. Ерөөсөө л хүсэл, эрмэлзлэл, чармайлтаараа бүгдийг нь тэвчдэг юм байна гэдгийг сайн ойлгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн танин мэдэхүйн багш Б.Сарантуяа: Манай төвд улиралд нэг удаа арван хоног хэвтэн эмчлүүлэх боломжтой байдаг. Хөгжим заслал, урлал заслал, танин мэдэхүй, спорт эмчилгээ, хэл яриа гэх мэт дутагддаг чадваруудаасаа хүүхдүүд сонгон хичээллэдэг. Энгийн хүүхдүүдтэй харьцуулахад манай хүүхдүүд хэлье гэснээ хэлж, хийе гэсэн бүхнээ хийж чадахгүй ч ойлгоод, хамтраад, чин сэтгэлээсээ тусалбал хүсэл мөрөөдөлтэй, авьяас чадвартай олон хүүхэд байдаг. Сүүлийн үед хөдөө орон нутгаас хүүхдүүд зорьж ирж байна.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.