Б.Эрдэнэбат ял сонсч ямба эдлэх нь

2020 оны 08 сарын 07

 

“Эрэл”-ийн гэх тодотголтой Б.Эрдэнэбат, эхнэрийн хамт шүүгдэгчийн сандалд сууж,  7 жилийн хорих ял сонслоо. Түүнийг бизнесийн хамтрагчаа залилсан, хөрөнгө оруулалт нэрээр авсан мөнгөө хувьдаа ашиглаж угаасан хэрэгт буруутгаж, ял оноосон юм. Харин “Эрэл” группээ 100 хувь эзэмшдэг эхнэр Сэргэлэнг хэрэгт оролцоотой гэдэг нь баримтаар тогтоогдоогүй гэж үзэн цагаатгажээ.

Хэргийн хохирогч нь “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан. Шүүхийн шийдвэрээр 7 жилийн хорих ял, 20 тэрбум төгтрөгийг  Б.Эрдэнэбатаас гаргуулах шийдвэр гаргаад байна. 
 Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нар  2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авна  гэж тусгасан аж.

Гэтэл Б.Эрдэнэбат “Ариг” банкинд оруулсан хөрөнгийг хувьдаа авч ашиглажээ.  Ингэхдээ  Ш.Баярсайханыг төөрөгдүүлж, “Эрэл” ХХК-ийн охин компани болох “БҮК-1” үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулан,  тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа  нуусан байна.

"Ариг" Банкны 60.46 хувийг Дэм санхүүгийн нэгдэл ХХК, 36.54 хувийг Улаанбаатар Импекс ХХК эзэмшиж байв. “Ариг” банк нь өмнө нь Эрэл банк нэртэй байсан. Харин 2014 онд Эрэл банкны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр оноосон нэрээ “Ариг Банк” болгон өөрчилсөн байдаг. Тухайн үед Эрэл банкийг “Эх орон”  намын дарга Б.Эрдэнэбат 100 хувь эзэмшиж байсан юм. 


Ийнхүү бизнесийн хамтрагчаа залилаад зогсоогүй. Тэр бол  Монгол Улсын хөгжлийн банкнаас   өндөр хэмжээний зээл авсан нэгэн. Энэ зээлээ дээрх БҮК1 үйлдвэрийг өргөжүүлж нийслэлчүүдийг хямд орон сууцаар хангана гэх үлгэрийн төсөл юм. Тэрбээр  татвар төлөгчдийн мөнгөөр эргэн төлөх Хөгжлийн банкны зээлийг “Төрөөс надад олгосон шагнал” гэж хэлсэн нь санаандгүй хэрэг биш.  Энэ  талаар асуусан сэтгүүлчдийн асуултад “Би авсан зээлээ хуваарийн дагуу төлөөд явж байгаа. Монголын төрөөс олгосон шагнал учраас энд ямар нэг асуудал гарахгүй. 2026 он гэхэд төлж дуусгана. Тэр үед төлөөгүй байвал асуугаарай” гэж хариулсан. 


Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас томоохон зээл авсан 7-8 компани дээр эргэн төлөлтийн хуваарь эвдэгдсэн зүйл бий.  Тухайн компаниудын зээлээ эргэн төлж чадах эсэхийг харна. “Эрэл” бол зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийхгүй байгаа компаниудын нэг. Засгийн газар энэ үйлдвэр стратегийн ач холбогдолтой, үгүй гэдэг дүгнэлт гаргана.

Хэрвээ стратегийн ач холбогдолтой гэж үзвэл, Хөгжлийн банкны зээлийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар болгох асуудал яригдана. Эсвэл эргэн төлөлтийн хугацааг нь сунгах гэсэн хоёр хувилбар яригдаж байгаа. Тухайн зээл эргэн төлөгдөх боломжтой эсэхийг Хөгжлийн банк өөрөө тогтооно” гэж байв. 


Гэвч хэргийн эзэн нь ял авчихлаа. Хөгжлийн банкнаас авсан зээл нь хэрхэх вэ?  Улсын мөнгө уйлдаггүй гэдэг шиг улстөрөөс завсарлага авсан ч бизнест хор хутгаж, хамтрагчаа залилах хэмжээнд ёсзүй нь доройтсон нөхдийн толгойг илсээр байх уу.  Үнэндээ Б.Эрдэнэбат Хөгжлийн банкны зээлийн төлөлтөөс мултарч ял сонсч, ямбаа эдлэх гэж байна. 


Т.Хэрлэн 
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.