Есдүгээр сард хичээлийн агуулгыг нөхөх хөтөлбөр орно

2020 оны 08 сарын 07

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийв. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор 10 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд elselt@edu.mn, parent.edu.mn хаягаар хийж байгаа юм.

2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настнууд сургуульд элсэнэ. Хүн амын урьдчилсан статистик мэдээгээр 39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх хичээлийн жилд судалсан байвал зохих агуулгыг бататгах, нөхөх хөтөлбөр орох юм байна. Тодруулбал, өмнөх хичээлийн жилд судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж болон өнгөрсөн хичээлийн жилийн 50 орчим хувьд сургалтыг цахимаар явуулсантай холбогдуулан агуулгын алдагдлыг нөхөх хөтөлбөрийг Боловсролын хүрээлэн боловсруулж, хүргүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.

Мөн хуралдаанаар хувийн хэвшлийн сургуулиудын төлбөрийн асуудлыг хөндлөө. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлд 124 хувийн сургууль үйл ажиллагаа явуулна. Хувийн сургуулиудын төлбөрийн асуудлаар эцэг, эхчүүд тухайн гэрээ байгуулсан сургуулийн удирдлагатай хэлэлцэх нь зөв. Хөл хорио тогтоосны улмаас цахимаар хичээл орж байгаа үед хоёр талын байгуулсан гэрээний давагдашгүй хүчин зүйл гэсэн заалт орж ирнэ. Эцэг эхчүүд тухайн сургуулийн удирдлагатай байгуулсан гэрээгээ дахин эргэн нэг харах хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.