Байрнаасаа хөөгдөх дээрээ тулсан АН 1.8 тэрбумын өртэй 

2020 оны 08 сарын 07

 

Хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээсэн АН-ын хувь заяа хаашаа эргэх нь анхаарлын төвд байна. Намын дүрмийн дагуу  удирдлагууд нь огцорч, нам жим болохтой зэрэгцээд  шинэ лидер хэн байх, дүрмийн өөрчлөлт, мөнгөний босго, ҮБХ-ны хуралд чих тавьцгааж байв. Хүлээлт үүсгэсэн ҮБХ-ны хурал хэдхэн хоногийн өмнө болсон ч   орон нутгийн сонгуульд үүрэг гүйцэтгэгч даргатай, хуучин дүрмээрээ орохоор болжээ.

Сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд нам дотроо сонгууль явуулж бужигнахаас эмээж, арга буюу ийм шийдэлд хүрэв бололтой.  Нөгөө талаас АН мөнгөгүй болж, өр ширэнд орсон нь тэдний толгойны өвчин болсон сурагтай. Эх сурвалжийн мэдээллээр АН-д 1.8 тэрбум төгрөгийн өр хуримтлагджээ. Энэ мөнгийг дотроо ротаци явуулж,  мөнгө босгох замаар шийднэ гэх таамаг байсан ч  хойшилж байгаа бололтой. 

Дараагийн асуудал нь байр. Сүүлийн 10 гаруй жил байрны асуудалтай явж ирсэн  АН өнгөрсөн 4 жил  дарга С.Эрдэнийн гэх тодотголтой  Ажнай Д.Бат-Эрдэнэ нарын хувьцаа эзэмшдэг  Ардчиллын өргөөнд “толгой хоргодсон”.

Нэгэнт С.Эрдэнэ дарга цаашдаа намаа чирч явах шаардлагагүй болсон тул АН дахиад л орон байргүйтэй адил болчихоод байгаа. Хуучнаар “Шонхор тауэр” буюу одоогийн Ардчилалын өргөөний байрны газар нь С.Эрдэнийн төрсөн охин Э.Содгэрэлийн нэр дээр байдаг. Тиймээс АН-ын дараагийн удирдлагад байрны асуудлаа шийдэх том даваа хүлээж байгаа. Магадгүй С.Эрдэнэ  шиг нэг халаасандаа  намаа төвхнүүлчих хэмжээний чадалтай нэгэн намын тамгыг атгаж мэднэ. 


Түүх сөхвөл  Сүхбаатарын талбайн зүүн талд Соёлын төв өргөөний залгаа, Соёлын төв өргөөний хүзүүвч ч гэж нэрлэгддэг  2 дахвар байранд АН төвхнөж байв. Намаа шинэ байртай болох эхлэлийг тавьсан гэгддэг Н.Алтанхуяг үнэн хэрэгтээ намаа байр ч үгүй, газар ч үгүй болгосон. Учир нь  2013 оны үед АН-ын удирдлагууд 324 саяар авсан хүзүүвч гээд байгаа газрыг Н.Алтанхуяг зарчихсан нь “мордохын хазгай” болсон.

Одоо байрладаг  АН-ын Олон нийттэй харилцах мэдээллийн төв нь мөн л  “Шинэ дэвшилт холбоо”-ны эзэмшилд байдаг. Ямартаа ч их хэмжээний өр төлбөрт орсон, хүлээн зөвшөөрөгдөхүйц лидэргүй АН-ын хувь заяа  сонирхолтой сэдэв байсаар байх нь. 
 

Т.Хэрлэн 
 
 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.