Б.Идэр-Од: Гадаад хэлийг сайтар судлах нь давхар эх хэлээ судлахад тустай

2020 оны 08 сарын 07

CallPro компанийн хамтран үүсгэн байгуулагч, Faro сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Одтой ярилцлаа.


-Таны бичсэн "IELTS 600" ном бестселлeрийн эгнээнд орж байна. Энэхүү номыг бичихэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Ном бичих санаа нэлээн эрт төрсөн ч, хоёр жилийн өмнөөс л ажил болгож эхлүүсэн. Үгийг цээжлэх гэхээс илүү хэрэглээг нь задалж ойлгуулсан, хэл зүйн ном юм. IELTS-ийн шалгалт харьцангуй хүнд хэлбэртэй учраас үгнүүд нь янз янзаар хэрэглэдэг, олон салаа утгатай. Энэ хэрэглээг л нэвт ойлгуулах зорилготой юм. Би "Faro" сургалтын төвд таван жил багшлахдаа сурагчдын хамгийн хэцүү зовлонг ойлгосон учраас ном бичих санаагаа олсон. Ихэнх сурагчид үгээ хурдан сурдаг ч, зоригтой хэрэглэж чаддаггүй, төвөгтэй санааг илэрхийлсэн бичвэр бичихдээ маруухан байдаг.

-Уг номыг нийт хэдэн хувь борлуулсан бэ?

-Анх 10 мянган хувь хэвлүүлсэн. Одоогоор есөн мянга орчим хувь нь зарагдсан байна. "IELTS 600" ном бичихэд ахлах багш Б.Намуун хамгийн их тусалж хамтран ажилласан. Ингээд хэвлэлтэд гарсан даруйдаа борлуултаар тэргүүлсэн.

-Мэдээж гадаад хэл сурна гэдэг хувь хүнээс маш их хичээл зүтгэл шаарддаг. Таны зүгээс англи хэл сурагчдад үг цээжлэх арга барилыг түлхүү зөвлөдөг. Тэгвэл хамгийн чухал нь "үг" гэдэг шалтгааныг тодорхойлбол?

-Хэлний мэдлэгийг хэмжих суурь хэмжүүр нь үгийн сангийн баялаг юм. Онолоор бол ямар ч хүн 2000 үгийг мэдэж байвал хаа ч амиа аваад явчихдаг гэдэг. IELTS-ийн шалгалтад орохдоо миний номонд багтсан 600 үгийг бүрэн эзэмшсэн байхад оноо нэг функтээр хангалттай өснө. Үндсэндээ эдийн засгийн эргэлтэд орно гэдэг шиг ухагдахуун. Ерөөс хэлийг бүтээж буй гол түүхий эд нь "үг" болно гэсэн санаа. Тиймээс үгийн сангаа баяжуулах чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ ганцхан үг сурснаараа хэлийг төгс эзэмшинэ гэж хэлэхгүй. Мэдээж унших, бичих, ярих чадваруудад багшийн хэрэгцээ заавал шаардагдана. Үгийг задалж ойлгох, хэл шинжлэл талаас нь ухах чадваргүйгээр уран тансаг эзэмших боломжгүй.

-Уншигчдын зүгээс ямар сэтгэгдүүлийг илгээж байна вэ?

-Номоо боловсруулахдаа барууны хөнгөхөн ярианы үг ашигласан. Мөн тухайн үгтэй нь дүйцэхүйц болон дайвар холбоо үгсийг хамтад нь оруулснаараа онцлогтой. IELTS-ийн шалгалтад түгээмэл ирдэг 600 үгийг багтаасан мэт боловч үнэндээ яг уншихаар хоёр мянга гаруй үгтэй.

-Үгийг дуудлагатай нь хамт сонирхолтой байдлаар цээжлэх "Hip­po cards" аппликэйшнийг нэвтрүүлсэн шүү дээ?

-Энэ аппликэйшнийг одоогоор хагас сая хүн татаж авсан байна. Ингэснээр Монголын боловсролын салбарт хамгийн олон таталттай аппликэйшн болж буй. Тодруулбал, өдөр тутмын хэрэглэгчдийн тоо 20 мянга байгаа. Хэрэв багш хөлсөлж, сургалтын төвд явах боломжгүй бол бага зардлаар гар утсаараа үгийн баялгаа хурдтай нэмэх боломжтой гэсэн үг.

-Төрөлх хэлээ сайн эзэмшсэн бол цаашид гадаад хэл сурахад түүртэх зүйлгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, эх хэл гэдэг тулгуур багана мэт үүрэгтэй байх?

- Үүнтэй шууд санал нийлэхгүй. Ерөөс гадны хэлийг сурах тусмаа хувь хүн өөрийнхөө төрөлх хэлийг давхар судлах эрмэлзэл төрдөг, шаардлага нь ч гардаг. Германы хэл шинжээчийн дундаж амьдралтай айл өрх өдөрт хичнээн төрлийн үг амнаасаа унагадаг гэдгийг судлахад, манай улс ерөөс 180 үгээр л хоорондоо ойлголцдог гэнэ. Ойр зуур "хоолоо хийсэн үү, хүүхдээ цэцэрлэгээс нь авсан уу, хайр нь ирлээ" гэх мэт үгсээр харилцдаг байх нь. Түүнээс биш гэртээ сансар, тив дэлхий, гариг ертөнцийн төвөгтэй хэллэгээр ярьдаггүй. Тиймээс ч гадаад хэлийг сайтар судлах нь давхар эх хэлээ судлахад тустай. Яахав, зарим хүмүүс эхлээд монгол хэлээ гүн судал, дараа нь гадаад хэл рүү ор гэж дараалал үүсгэдэг талтай. Үүнийг ч үгүйсгэхгүй. Харин миний хувьд ижил түвшинд явах ёстой гэж сэтгэдэг. Нуулгүй хэлэхэд миний монгол хэл шинжлэлийн мэдлэг гүнзгий биш. Тэгсэн ч гадаад үгийг тайлбарлах оролдлого хийснээр эх хэлээ давхар сурсан.

-Тэгвэл хэл сурч буй хүн болгонд өгөх зөвлөгөөг тань эх хэл, гадаад хэлийг зэрэг сайжруулж суралцах хэмээн ойлголоо. Тэгвэл гадныханд үндэстнийнхээ онцлогийг ойлгуулах чадвар ганц хэл байх ?

-Хүн даяаршиж, дэлхийгээр явсны дүнд дангааршиж эх орныхоо онцлогийг ойлгодог. Монгол хүн гэдгээ гадныханд яаж эвтэйхэн ойлгуулах вэ, гадныхны Монголыг үнэлдэг зүйл нь чухамдаа юу юм гэдгийг гадаадад тэнэж явахдаа л ойлгоно. Зөвхөн Монголдоо эх орноо шүтээд л суувал хэзээ ч хөгжихгүй.

-Өдөрт "Faro" сургалтын төв болон CallPro харилцаа холбооны байгууллагад ажиллана, давхар комедиан хийнэ. Таны амьдралын хэмнэл ямархуу байдаг вэ?

-Сүүлийн нэг жил ихэнх цагаа "Hippo cards" аппликэйшний багтай өнгөрүүллээ. Миний ажлын цагийн 90 хувь нь энд өнгөрдөг гэж хэлж болно. UB комеди шоу 20 цагаас хойш эхэлдэг. Өнгөрсөн долоо хоногт нээгдсэн цар тахлаас үүдэлтэйгээр хагас жил хаалттай байлаа. Энэ клуб миний ажлын цагаас авдаггүй.

-Комедиан хошин санаагаа хэрхэн яаж олдог талаар яривал сонирхолтой байх болов уу?

Хошин комедиан санаа олохын тулд хөдөө гадаа явах, аялах саналуудаас хэзээ ч татгалздаггүй. Найзуудтайгаа аль болох уулзаж янз бүрийн амьдралын өнгийг мэдрэх дуртай. Ингэснээр сэргэг санаа олддог. Тэмээний тухай арав гаруй минутын хошигнол видео байдаг. Үзэгчдээс их хандалт авсан. Би баруун гурван аймгаар бүтэн арав хоног аялах явцад тэр хошигнолын санаа орж ирсэн. Хүмүүсийн тавхан минутын инээгээд өнгөрдөг агшны ард миний нэлээд хоногийн аялал байдаг.

-Өмнө нь бид бүтэн цаг гаруй хугацаа зарцуулж хошин шог, эсвэл жүжиг үзэж л инээдэг байлаа. Гэтэл тайзан дээр нэг хүн тавхан минут ярьчихаад л танхим дүүрэн хүнийг инээлгэнэ гэдэг үнэхээр сонин. Хүмүүсийг уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэж ярьдаг?

-Манайд хошин урлагийг хоёр өөр төрлөөр ойлгодог. Миний хичээллэдэг төрөл бол ганцаарчилсан хошин шог буюу стэнд апп комеди гэж нэрлээд буй. Аль ч улсад нийгэмдээ хамгийн их нөлөөтэй салбар бол урлаг юм. Ер нь нөлөөгөөрөө хөгжмийн салбарын дараа ордог. Англи, Америкт бараг кино салбартайгаа тэнцэхүйц нөлөөтэйд тооцогддог юм. Америкийн Цагаан ордонд жил бүрийн үдэш томоохон хүлээн авалт болдог. Тэр үеэр Ерөнхийлөгч нь заавал стэнд апп комедианыг урьж авчраад өөрөө өөрийгөө элэглүүлдэг юм билээ. Ингэж зааланд буй конгресийн гишүүд, телевизээр үзэж буй ард түмнээ хөгжөөдөг. Комедиа урлаг төрийн хэмжээний соёл хүртлээ хөгжсөн байдаг. Ер нь сул талаа ярьж, өөрсдийгөө шүүмжлэлтэйгээр харж чаддаггүй хүн дотоод зөрчилтэй, эмзэг, хөгжөөгүй сэтгэлгээтэй гэж нийтээрээ хардаг. Чухамдаа болж бүтэхгүй зүйлээ нуулгүйгээр инээлдээд ярьж чаддаг үндэстэн л урагш ахина гэж боддог.

-Ээжтэйгээ ярилцсан подкаст тань хагас сая хүний хандалт авсан. Амьдралдаа дагаж мөрддөг ээжийнхээ алтан зөвлөгөөнүүдээс хуваалцвал?

-Яг санаанд орж байгаагаас гэвэл "өмнө үеийнхээ шавартай битгий хутгалд, зүгээр гэгээлгээр өөрийнхөө дуртай ажлыг хийгээд явах нь өөрчлөлтийг авчирч чадна" гэдэг.

-Сошиал орчинд сайнаас саар муу сэтгэгдэл, мэдээлэл түмнийг хамарч, түгэх эрсдэлтэй.Таны хувьд цахим орчинд тархсан хар муу мэдээг хэрхэн хардаг вэ?

-Маркетингийн агентлагуудын судалгаагаар хар муу мэдээлэл эерэг мэдээг бодвол түгэх хурд нь 3-5 дахин илүү байдаг гэж буй. Энэ хар буруу бичиж буй зүйлс сошиал медиа дээр байгаагаасаа хэд дахин илүү хүчтэй, чухал болж мэдрэгддэг гэнэ. Гэхдээ сүүлийн үед манайхан баярлаж талархсанаа их илэрхийлдэг, урмын үгийг харамгүй өгөх нь илт анзаарагдаж байгаа. Миний хувьд 2013 оноос сошиалд идэвхтэй байгаа гэдэг чинь долоон жилийн хувь хүний ажиглалт шүү дээ.

-Гэрлэлтийг та өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Гэрлэлт бол тоглоом биш, ялангуяа хүүхэдтэй болох бүр ч тоглоом биш. Нийгмээ ажаад байхад гэр бүлийг дагаж хариуцлага ирдэг гэдгийг ойлгодоггүй юм шиг санагддаг. Жишээлбэл, гэрийнхээ ажлыг хамтдаа хийх ёстой. Монголчууд гэрийн ажил эмэгтэйгийнх, дансанд мөнгөтэй бол эрэгтэй нь болчихлоо гэсэн авир гаргадаг. Үнэндээ гэр бүл гэдэг бүхий л жижиг зүйл дээр ч хамтдаа оролцож, харилцаагаа үргэлж бэхжүүлэх нь чухал.

- АНУ-д Канзасын их сургуулийг агаарын хөлгийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Инженерээр суралцаад МИАТ компанид гурван жил ажилласан. Ер нь онолын мэдлэгийг практикт тушсанаараа жинхэнэ мэргэжилтэн болох байх?

-МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт онгоцнуудад бүх төрлийн урсгал болон хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг хийдэг. Тэр газар анхдагч дагалдан инженерээр гурван жил ажилласан. Хэдий академийн суурь мэдлэг чухал боловч үүнийг дадлагатай хослуулахгүйгээр хэзээ ч бүрэн мэргэжил эзэмшилт болохгүй. Тэгэхээр би нисэхийн инженерийн мэргэжлийг бүрэн эзэмшсэн гэж өөрийгөө боддоггүй. Ялангуяа нисэхийн инженерийн мэргэжлээр дор хаяж арван жил тууштай ажилласны үндсэн дээр эзэмшдэг юм шиг санагдсан.

-Мянга боловсролтой ч, хувь хүний дотоод хөгжил, сэтгэл гэдэг нэн түрүүний шаардлага. Таны хувьд энэ их ажлын хажуугаар стресс бухимдлаас хэрхэн ангижирдаг вэ?

-Саяхан подкастын зочноор Ренбүчи ламыг урьж ярилцлаа. Заримдаа эргээд бодоход уурлах шаардлагагүй өчүүхэн зүйл дээр бухимдсан байх юм аа. Энийгээ хэрхэн засахыг асуусан. Ерөөс нэг ном уншаад, нэг сургаал сонсоод засагддаг амархан зүйл хорвоо дээр цөөхөн. Ихэнх муу зан үйл дандаа дадлаар засагддаг гэж хэлсэн юм. Тэгэхээр сайн дадлуудаа бодоод өдөр болгон үйлдэж, заншил болгож чадваас муугаас ангижирна гэж хэлсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.