“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноож, эхнэрийг нь цагаатгав

2020 оны 08 сарын 06

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг "Номин холдинг"-ийн захирал Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилсан гэж үзэн ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад залилангийн үйлдэлд нь 5, мөнгө угаасан үйлдэлд нь 2 жил  нийтдээ 7 жилийн ял оноолоо. 

Харин  түүний эхнэр Д.Сэргэлэнг цагаатгасан байна.   Хэргийг тодруулбал  Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт  авах нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх асуудал нь шүүхээр тогтоогдсон гэсэн үг. 

“Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан 2019 онд энэ талаар гомдол гаргаж хохирогчоор тогтоогджээ.   Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нар  2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авна  гэж тусгасан аж.

Гэтэл Б.Эрдэнэбат “Ариг” банканд оруулсан хөрөнгийг хувьдаа авч ашиглажээ.  Ингэхдээ  Ш.Баярсайханыг төөрөгдүүлж, “Эрэл” ХХК-ийн охин компани болох “БҮК-1” үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулаг,  тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа  нуусан байна.

“Ингээд  Б.Эрдэнэбатад  Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэсэн үндэслэлээр яллаад байна. 

Шүүхээс: 

Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 375 мянган төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.  Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгасан байна. 

Т.Номин 

 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.