ЭМЯ: Японы Нагояа хотод дахин хөл хорио тогтоолоо

2020 оны 08 сарын 06

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 441 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Харин өнөөдөр Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэж ХӨСҮТ-д тусгаарлажээ. Мөн 16 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Эмчилгээнд байгаа 33 хүний 30-ынх нь биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байна.

Коронавирус Монголд

Энэ сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторт 441 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй.Тодруулбал,

  • Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 251 зорчигч
  • Тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа  53 хүний давтан шинжилгээ
  • Сувилалд байгаа есөн хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ болон тусгаарлах байранд ажиллаж буй 13 эмч, ажилтан 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ
  • Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан тус бүр нэг хүний шинжилгээнд коронавирусын халдвар илрээгүй.

Дэлхийд

Дэлхийн 216 улсад  18.6 сая хүн  халдвар авснаас 12 сая  нь бүрэн эдгэрчээ.   Өчигдөр 206 мянган хүн коронавирусын халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Сүүлийн өдрүүдэд АНУ-д өвчлөл ялимгүй буурах хандлага ажиглагдаж байна.

Хөрш орнуудад

ОХУ-д өчигдөр 5000 гаруй, БНХАУ-д 27 тохиолдол шинээр нэмэгджээ.

Японд

Япон улсад 1357 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад сүүлийн гурван долоо хоног дарааллан шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо өндөр байна. Тиймээс Нагояа хотод хоёр дахь давлагаа эхэлсэн гэж үзэн, орон нутгийн удирдлагууд хөл хорионы дэглэмээ сэргээжээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.