Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгохоор шийдвэрлэлээ

2020 оны 08 сарын 05

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар танилцуулсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.  Юуны өмнө  төсөв 3.8 их наяд төгрөгөөр тасрахаар байгааг онцолсон. Тиймээс тэвчиж болох  зардлуудыг  хэмнэх, Засгийн газрын үнэт цаас гаргах, олон улсын санхүүжилтээр хэрэгжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө  оруулалтын зарим хэсгийг  хасах, төсвийг бууруулах  зэрэг замаар төсвийн алдагдлыг нөхөх боломжтой гэж тооцож байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  мэдээллийн эхэнд  "Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийсэн" гэлээ. Ингэхдаа дараах зарчмыг баримталжээ. 

  • Ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг он дуустал үргэлжүүлнэ
  • Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ
  • Экспортын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна.
  • Ковидын үеийн цахим шилжилтэд  шилжинэ Монгол Улс ч энэ шилжилтийг сайн хийнэ гэж тооцооллуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан" гэлээ.

Төсвийн тодотголтой холбоотой гаргасан дараах шийдвэрүүд  гаргав. Үүнд: 

  1. Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд буурах байсныг  он дуустал үргэлжлүүлэх
  2. Хүнсний талоныг амьдралын амьжиргаа хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлэх 
  3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог 100 мянган төгрөгийг он дуустал олгох 
  4. НД-ын шимтгэлийг ажил олгогч нь 5%, даатгуулагч 5% хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлэх 
  5. Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийн татварыг хөнгөлсөн шийдвэр үргэлжилнэ. 
  6. Түрээсийн төлбөр бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулсан албан татвар бууруулсан арга хэмжээ үргэлжилнэ.
  7. Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг үргэлжүүлэхээр  тус тус тооцжээ. 

Ингээд авч үзвэл хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгоход 322 тэрбум, НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөг  шаардагдах тооцоо гаргасан байна. 

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр: 

Эрүүл мэндийн салбарт 118.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж байна.

  • ЭМ-ийн салбарын ажиллагчдын хамгаалах хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгсэлд 71 тэрбум төгрөг 
  • Улирлын томуугийн вакцин хийхэд 22.3 тэрбум төгрөгийн зардал нэмэх 
  • Халдвар тээгч нартай нүүр тулан ажиллаж буй эрүүл мэндийн болон бусад салбарын ажиллагчдын цалин, илүү цагийн мөнгийг нэмж өгөх зардлыг суулгаж өгсөн.  

 Мөн ХӨСҮТ-ийн лаборатори, тоног төхөөрөмжид 3 тэрбум төгрөг нэмж суулгахаар болсон байна. 

2020 оны төсвийн алдагдал  3.8 их наяд төгрөг байна 

"Орлого талдаа эхний хагас жил төсвийн орлого 2 их наядаар буурч байгаа. Цар тахалтай холбоотой татваруудыг тэглэсэнтэй холбоотой 3.4 их наядаар орлого тасрахаар байсан. Тиймээс энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. 

2020 оны төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцсон. Энэ нь ДНБ-ий 9.8%-тай тэнцэх тооцоо гарсан байна. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх тул санхүүжих эх үүсвэр бэлэн байгаа. 

Хөтөлбөрийн зээлийг төсвийн дэмжлэг болгох хэлбэрээр оруулах замаар санхүүжүүлнэ гэж үзэж байгаа.  Мөн төсвийн ерөнхийлөгч захирагч нараас 118.2 тэрбум төгрөгийн зардлыг танахаар шийдвэрлэсэн байна.

Үүнд бичиг хэрэг, томилолтууд, эд хогшил, тавилга, урсгал зардлууд гэх мэт тэвчиж болох зардлууд орсон. Мөн өнөөдрийн байдлаар тендер нь зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх, зардлыг танах шийдвэрийн хүрээнд 524 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал хэмнэгдэж  байна" гэж   Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.  

 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.