Ээлжит бус чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилнэ

2020 оны 08 сарын 05

УИХ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэх учиртай. Үүний нэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм. Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын 17-нд эхлүүлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Учир нь, Сонгуулийн тухай хуульд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг ирэх аравдугаар сард зохион байгуулахаар тусгасан. Тиймээс орон нутгийн сонгуулиас өмнө дээрх хуульд өөрчлөлт оруулан батлах шаардлагатай болж байгаа юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батэандан, Д.Ганболд нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар тус хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төсөлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг зааглаж тодорхой болгожээ. Ингэснээр, өмнөх хуульд байсан аймаг, нийслэл, сум, дүүргийн чиг үүргийн давхцалыг арилгаж, цэгцтэй зохион байгуулалтыг бий болгох аж. Мөн орон нутгийн ИТХ улс төрөөс болно гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн тогтохсүрэн онцолсон.

Ингэхдээ, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид улс төрийн намаас нэр дэвшихгүй байх зохицуулалтыг оруулжээ. Орон нутгийн ИТХ-ыг хариуцлагатай болгох үүднээс тараадаг эсхүл төлөөлөгчийг эргүүлэн татдаг байхаар тусгасан байна. Үүнээс гадна ИТХ-д намын бүлэг байгуулахыг хоригложээ. Энэ нь ИТХ-ыг хариуцлагатай болгохын сацуу улс төрөөс ангид байлгах томоохон өөрчлөлт аж. Түүнчлэн Засаг даргыг сонгох процедурыг хялбарчлах, нэгдмэл улсын хувьд дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайдаас аль болох хамааралтай байхаар засаг, өмч, татварын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд зохицуулалт оруулсан байна. Тодруулбал, ХХОАТ-ын 100 хувь, ААНОАТ-ын тодорхой хувь нь сумын орлого байхаар төсөлд тусгасан байна. Харин хуулийн төслийг 2022 оноос хэрэгжүүлж эхлэхээр заажээ. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай дөрвөн томоохон өөрчлөлт оруулсан. Түүнийг органик хуульд тусгах шаардлага үүссэн байна. Өмнөх хууль нь 40 зүйлтэй байсан бол энэхүү шинэчилсэн найруулга нь зургаан бүлэг 80 зүйлтэй.

Өөрөөр хэлбэл, хоёр дахин том хууль болсон болохыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн онцолж байв. Харин одоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламент үргэлжлүүлэн хэлэлцэж, батлах учиртай. Тиймээс УИХ-ын даргын 2020 оны долоодугаар сарын 3-ны 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар багтаж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тайгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Хатантуулыг сонгон, шинэчлэн байгуулсан. Шинэ Ажлын хэсэг хуулийг төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажилд ханцуй шамлан орсон бөгөөд өнгөрсөн сарын 30-нд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах нь одоогийн Ажлын хэсгийн эрхийн хүрээнд шийдэгдэх юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.