Япон улс Монгол Улстай агаарын хилээ нээхээр судалж байгааг мэдээлжээ

2020 оны 07 сарын 13

Япон улс коронавирусийн цар тахлын улмаас зогсоогоод байсан олон улсын нислэгүүдээ удахгүй шат дараатай сэргээж эхлэхээр төлөвлөж байгааг Ёмиури Шимбун сонинд мэдээлжээ.

Тус улс ирэх есдүгээр сар гэхэд нисэх буудлуудад хийгдэх PCR оношилгооны тоог өдөрт 10,000 болгон нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

Ингэснээр илүү олон гадаадын зочдыг хүлээж авах нөхцөл бүрдэх ажээ. Өнөөдрийн байдлаар Японы олон улсын нисэх буудлуудын оношлох чадвар өдөрт 2,300-аар хязгаарлагдаж байгаа юм.

Энэ багтаамждаа тааруулан эхний ээлжинд тус улс Австрали, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнам улсуудаас хязгаарлагдмал тооны зорчигч хүлээж авах яриа хэлэлцээг долдугаар сарын 18-нд эхлүүлэх болжээ.

Хоёрдугаар ээлжинд Хятад, Өмнөд Солонгос, Тайвань улсуудтай агаарын хилээ нээх яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Эдгээрээс гадна Бруней, Камбож, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Сингапур улсуудын зорчигчдыг есдүгээр сараас эхлэн хилээрээ нэвтрүүлэхээр судалж байгааг Ёмиури Шимбун сонин засгийн газрын эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Дээрх орнууд нь Япон улстай эдийн засгийн гүнзгий харилцаатайгаас гадна коронавирусийн цар тахлын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн үндэслэлээр сонгогдсон байна.

Одоогоор Япон улс нь коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийн 129 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглоод байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Japan News

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.