Трамп анх удаа амны хаалт зүүжээ

2020 оны 07 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахал эхэлснээс хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцох үеэрээ амны хаалт зүүснийг ВВС агентлаг онцоллоо. Тэрбээр өчигдөр Вашингтон хотын захад байрладаг Уолтер Ридийн цэргийн эмнэлэгт зочилж, шархадсан цэргүүд болон тус эмнэлгийн эмч ажилчидтай уулзахдаа амны хаалт зүүжээ.

Ерөнхийлөгч Трамп “Би хэзээ ч амны хаалт зүүхийг эсэргүүцэж байгаагүй. Зүгээр л амны хаалт зүүх, зүүхгүй цаг үе, газар гэж бий” гэжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн тавдугаар сард Трамп Мичиган муж дахь Форд компанийн үйлдвэрт зочлохдоо ганцаараа журам зөрчин амны хаалтгүй явсан нь хэвлэлийнхний дуранд өртсөн. Гэхдээ "Sky News" суваг Дональд Трампын амны хаалт зүүсэн байгааг харуулсан дүрсийг нийтэд цацсан юм. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч амны хаалт зүүж олны нүдэнд харагдсан анхны тохиолдол байлаа. Фордын үйлдвэртэй танилцсаныхаа дараа Дональд Трамп “Би сая арын өрөөнд амны хаалт зүүж үзлээ. Гэхдээ би үүнийгээ хэвлэл мэдээллийнхэнд харуулж, тэднийг баярлуулахыг хүссэнгүй” хэмээн сэтгүүлчдэд ярьж бөгөөд тэр амны хаалт өөрт нь сайхан зохиж байсныг гайхуулсан байдаг. 

АНУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 66 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад нэг хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болов. Тус улсад нийт 3,3 сая хүн халдвар авч 135 мянга гаруй хүн коронавирусийн улмаас нас бараад байгаа юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.