Эмгэнэлт инээдэм: Тусгай үүргийн онгоцонд төрсөн эх

2020 оны 07 сарын 10

Монгол улс гадаад дахь иргэдээсээ ''нүүр буруулаад'' 4 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд гадаадад гацсан иргэдийн байдал хүндэрч, гудамжинд хоноглох энүүхэнд болсон. Тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчирч байгаа гэх ч энэ нь үнэндээ хангалтгүй байна. Төрийн зардлаар бус, иргэдийн зардлаар иргэдээ авчирч байгаа. Гэтэл эх орондоо байгаа иргэдийн хувьд гадаадад гацсан элэг нэгтнүүдээ аялж, жаргаж яваад эх орондоо ирж чадахгүй болсон гэх мэтээр бодож, ''яах гэж явсан юм, наанаа байж бай'' гэх мэтээр ''орк авир'' гаргах нь энүүхэнд. Тэд ч гэсэн Монгол улсын иргэнийхээ хувьд аюулгүй, эсэн мэнд амьдрах эрхтэй. Хүний эрхийн төлөө дуугарах ганц ч хүн монголын төрд алга уу?

Өдөр бүр 11 цагаас суртал ухуулгын шинжтэй Эрүүл Мэндийн Яамны мэдээ гаргана. Уг нэвтрүүлэг нь социалист пропаганда хэв маягтай. Сүүлдээ бүр сайддаа зориулж

''Аюулт тахал өвчнөөс улс түмнээ аварсан

Алунгоо эхийг ч алдар цуугаараа давсан

Авралт сайд Сарангэрэл хатан ижий минь ээ'' гэж дуулах нь огиудас хүрмээр. Ингээд Монгол улс нэг хүнийг тахин шүтдэг орон болсон юм гэж үү?

Гадаадад гацсан нөгөө муусайн монголчуудыгаа дурдаж байгаа юм байхгүй. 3 сар Афганд гацсан 50 монгол цэрэг ковид туссан гэсэн мэдээ цахим ертөнцөөр нэг байна. Чехд гацсан монголчуудыг Чехийн цагаачлалын албанаас өөрийн онгоцоороо хүргэж өгье гэхэд өнөөх Монголын засгийн газар хавьтуулаагүй юм байх. 

Сүүлд л гэхэд өчигдөр Стамбулаас ирсэн жирэмсэн эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охинтой болсон мэдээ дуулдсан. Үүнийг тэмдэглээд, баярлах нь зөв үү. Мэдээж Стамбулд бус монгол онгоцондоо төрсөн нь азтай хэрэг мэт. Гэсэн ч энэ эмэгтэй төрөхөөсөө өмнө Монголд ирэх боломж байсан. Тусгай үүргийн онгоцонд коронавирусийн халдвартай хүн байсан бол яах вэ гэдгийг бодохоос ч зүрх үхмээр. Ийм эрсдэлтэй нөхцөлд оруулсан Монголынхоо төрд баярлах нь зүйн хэрэг үү? 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.