Боловсролоор “нимгэн” боловсролын сайд

2020 оны 07 сарын 10

Өнгөрсөн Лхагва гарагт Боловсролын яам ''будаг нь ханхалсан'' шинэхэн сайдаа хүлээж авсан.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Лхагвын Цэдэвсүрэнг томилход үүнийг нь буруушаах яамны ажилчид байжээ. Сайдыг албан тушаалд шунасан, төрийн албыг цалгардуулж мэдэх, боловсрол нимгэн хэмээх хүмүүс байгаад учир байна. 

Яам бол бодлого боловсруулагч, сүүлийн 20 жилд БСШУ-ы бодлого ямар байлаа. Энэ бүхний хажууд нь байсан, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байсан хүн гэнэт реформ хийнэ гэж үү. Өөрөөр хэлбэл 20 жилийн итгэл үнэмшлээ нэг л өдөр өөрчилж чадна гэж үү?

Энэ ганц энэ яамны асуудал биш. Бидний шүүмжлээд байдаг төрийн албаны алдаа завхралын эх юм. Ингээд фейсбүүк дээр ''Darya Urnaa'' хаягтай бүсгүйн нийтлэлийг хүргэж байна. Тэрбээр тун зөв сэдэв хөндөж, баримт нотолгоотойгоор үндэслэлүүдээ тайлбарлажээ. 

 

''Эхлээд кэйс ярина.


Өнгөрсөн засгийн үед БСШУСЯ шиг олон сайд, олон томилгоо үзсэн яам бараг байхгүй гэдгийг та бүхэн мэднэ. Жишээ нь тус яамны анхны сайд Батсуурь, дараагийн сайд Чулуунбаатар 3 дахь нь Цогзолмаа, 4 дэх нь Баатарбилэг. Төрийн нарийн нь үүнээс ч олон удаа солигдсон. 3 дахь сайд Цогзолмааг ажлаа авснаас хойш 5 сарын дараа миний бие хэвлэлийн төлөөлөгчөөр очиж, 11 сар төрийн яамны аппарат гэгчид хутгалдаж, их ч ажил сурч, их ч юм ойлгож, их ч юм үзсэн байдаг. Энэ тухай яривал үлгэр тууж шиг л хөвөрнө. Үндсэн сэдэвтээ оръё.

Цогзолмаа сайдын ажлаа аваад Төрийн нарийн нь (одоогийн УИХ-ын гишүүн Баярсайхан) хуулийн байгууллагад шалгагдаж байсан учраас тус яамны Хуулийн хэлтсийн дарга Цэдэвсүрэн (одоо тус яамны сайд)-г ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. (Цогзолмаа өөрийн хүнээ томилж болох бүрэн эрхтэй, гэвч ажлаа мэддэг хүн томилъё гэсэн үүднээс мань хүнийг ТН-аар томилсон байх гэж боддог).
Лав л намайг очиход намуухан дуутай, аядуу ааштай ТН намайг угтсан юм даг. Нэг тийм аль ч төрд нүүр алдахгүй, ямар ч хүний дургүйг хүргэдэггүй, бүгдэд таалагддаг хүн гэж байдаг даа. Харизм, өнцөг энэ тэр байхгүй яг л төрийн яамны түшмэлүүд байдаг даа.
Ингэж байтал Үндэсний аудитын газраас Цэдэвсүрэн дарга сөрөг дүгнэлт авч улмаар хууль журмынхаа дагуу үндсэн ажилтайгаа хавсран гүйцэтгэж байсан ТН-аасаа чөлөөлөгдөв өө. Тэгсэн чинь Цэдэвсүрэн дарга өрөөндөө муужирч унаад Түргэний тэрэг ирээд аваад явсан гэдэг яриа яамаар нэг тархав. Өөрөөр хэлбэл ТН-аас нь чөлөөлсөн тушаал мань хүнийг ингэтэл нь цочирдуулсан юм шиг байгаа юм.
Ухаан алдах аа...Яаж байгаа юм бол? Ийм үнэ цэнэтэй, тийм хайртай албан тушаал гэж бас байдаг аа...Эсвэл жүжиглэсэн ч юм болов уу гэсэн шүү юм бодогдож байгаа юм. Миний хувьд үнэхээр ойлгохын аргагүй явдал учраас. Үндсэн ажил нь ч биш, нэг муу хавсран гүйцэтгэж байсан, тэртэй тэргүй орон тооны хүн нь ирэхэд өгөх л албан тушаал шүү дээ. Ингээд Цэдэвсүрэн дарга өвчний улмаас эмнэлэгт хэвтэв. Төрийн ажил нам зогсов. Яамны тэр олон бичиг цаас, гэрээ контракт бүгд Хуулийн хэлтсээр хянагдаж байж цааш явдаг учраас их гацаа үүсгэдэг юм билээ. Ингээд арга буюу Хуулийн хэлтсийн даргаас нь ч чөлөөлсөн байх. Би нээх нарийн ширийн юм мэдэх биш, миний ойлголт ийм.
Тэгээд ч #Үндэсний_аудитын_газраас #сөрөг дүгнэлт авна гэдэг уг нь шударга байр сууринаас авч үзвэл айхтар эд юм билээ л дээ. Хувийн компаниар авч үзвэл албан тушаалаа ашиглаж компанийнхаа хөрөнгө мөнгийг хууль бусаар зарцуулсан гэсэн маягтай юм уу даа. Хувийн компанид ийм үйлдэл гаргавал юун ажлаас халагдаад зогсох юм юм л болно биз дээ. Харамсалтай нь төрийн мөнгө ёо гэдэггүй, бүх зүйл дарга, удирдагч нарын хувийн үзлээр шийдэгддэг учраас энэ мэт үзэгдэл бол ердийн мэт хэвшсэн байдаг юм байна гэж нэгэн зүйлийг ойлгож авч байгаа юм. Бас гайхаж, эмзэглэж байгаа юм. За тэгээд би гайхаж, эмзэглэлээ гээд хаа ч хүрэх билээ...

Үлгэр ингээд дууссангүй. Өнөө Цэдэвсүрэн дарга маань "өвдөж дуусаад" гарч аваад Цогзолмаад гомдогсдыг цуглуулж, яамны ойролцоо нэг квадрат түрээсэлж аваад Цогзолмаа руу дайрах, харлуулах ажлыг дэс дараатай, нарийн төлөвлөгөөтэй явуулж байна гэдэг яриа гарав. Үнэн худлыг бүү мэд л дээ, ямар араас нь хөөцөлдөөд, шалгаад, нотлоод явах зав ч, этик ч байхгүй юм чинь, тийм үү гэлээ. Гэхдээ энэ яриа үнэн байж болох хэд хэдэн кэйс байдаг л юм. Монгол жижигхэн. Хэвлэлийн тогоо бүр алган дээр. Өдөр тутмын сонин, сайтууд дээр өнөөх гомдогсод маань очиж, төлбөр төлье, ийм материал гаргая гээд явж байна гэдэг "тагнуулын мэдээ" ч ирдэг байв кк. Сүүлдээ бүр маргаашийн сонин дээр ийм материал гарах гэж байна гээд өрөөнд ороод ирсэн нь ч бий. Хаа очиж манай мэргэжлийн томоохон редакциуд ийм бохир юманд тэр бүр хутгалдаад, мөнгөний төлөө юу ч яах вэ, нийтлээд, гаргаад өгье гэдэг нь ховор байдаг. Мэдээж уулын мод урттай, богинотой, улаан цайм гаргаж байсан нь ч бий. Гэхдээ цөөхөн цөөхөн.
За сошиал бол угаасаа найгүй. Өдөр бүр л нүдүүлнэ дээ. Ядаж байхад дотроо нэг том дайсантай. Ингээд гадаад дайсан (ууд) дотоод дайсантай нийлж аваад хавсайдаад хөөрхий муу сайдыг минь ёстой болгож тавьсан даа.
Галын шугаман дээр би тэргүүтэн явна, үндсэн чиг үүргийнхээ дагуу. Ялангуяа хэвлэлийнхэндээ зөвөөр ойлгуулах гэж үзнэ. Ай даа, мөн  халуухан өдрүүд дээ, амьдралын минь. Сүүлдээ ч залхдаг юм билээ дээ. Хамгийн муухай нь шударга бус дайралт, гүтгэлэг л гашуун байдаг.
Эцэстээ манай хүн өөрийн сайн дураар сайдынхаа ажлыг ч өгөхөөр болов. Цэдэвсүрэн дарга маань эргэж ажилдаа томилогдон, төрөлх яамандаа ч ирэв.

Ингээд кэйс яриад байвал би олныг ярьж чадна. Ихэнх нь олгой хагаравч тогоон дотроо гэдэг зарим талаараа шал утгагүй зарчмын хүрээнд тухайн яамныхаа хүнд саарал байшин дотроо үлддэг юм билээ. Эцсийн хор уршиг нь манай төрийн яамд, төрийн хүнд суртал хэзээ ч шинэчлэгдэж, ''ардчилагдаж'', шинэ салхи сэвэлзүүлж өөрчлөгдөж чадахгүй өнөөг хүрч ирсэн юм уу даа.
Ганц Цэдэвсүрэн дарга ч биш ер нь төрийн яамгүйгээр, ямар нэг албан тушаалгүйгээр амьсгалж, амьдарч чадахаа больчихсон улсууд их байдaг юм билээ. Паразитууд гэж манай Otgonjargal Ganbaatar айхтар онож хэлсэн байна лээ. Ийм паразитүүд эцэстээ өөрсдөө ч амьгүй албатууд болдог. Өрөөл бусдад ч амьгүй албат болох бэлэн хөрс бэлдэж өгдөг.
Хүн гэдэг угаасаа уйдамхай, бас дасамхай, шахаж шаардахгүй бол залхуу мөн чанартай амьтан. Нэг газраа 5-аас дээш жил ажилласан ихэнх хүмүүс НАМАЙГ ХЭН ТООЖ, НОХОЙ ХЭН СААХ ВЭ гэсэн шүү маягтай, эрхэлж буй ажил албандаа шинэ содон зүйл хийе гэхээсээ илүү цаас бөглөөд, хонины ээлж өнгөрүүлж буй маягтай болчихдог юм байна гэж харж байсан даа. Тиймээс төрийн албаны мерит зарчмыг сэлгэх зарчимтай хослуулах нь их зүйтэй юм байна гэж бодож байсан. Сингапурын төрийн албаны сайн туршлагуудын нэг юм билээ. Төрийн албан хаагчдаа нэг газар нь удаан ажиллуулдаггүй, байнга хооронд нь сэлгэж, сольж, өөрчилж байдаг. Ингэхээр ядахдаа тухайн албан хаагчаас гарах бүтээлч сэтгэлгээ, бүтээмж сайжирдаг. Нөгөө талаар удах тусмаа уйдаж, сүүлдээ данхайдаг, залхаг болдог уршигт үр дагавраас сэргийлдэг байна л даа.

Цэдэвсүрэн дарга анх Н.Энхбаярыг Соёлын сайд байхад туслахаар нь ажилд орсноор энэ яаманд хөл тавьсан юм билээ. Бараг 30-аад жил энэ салбарт, нэг л яамандаа ажилласан гэсэн үг юм уу даа. Мерит зарчмын үүднээс авч үзвэл онц сайн үзүүлэлт. Нөгөө өнцгөөс нь авч үзвэл маш уршигтай. Уршиг нь ч илт харагддаг байсан. Юу гэмээр юмм бэ, даргад таалагдсан албан хаагч энэ яаманд дороо дээшилнэ. Яаманд удаагүй ч ахлах мэргэжилтэн болчхож ч болно.
Бас л кэйс. Яамны 2 мэргэжилтэн яамнаасаа өвчтэй гэж чөлөө авчхаад Солонгост хараар ажил хийж явсан түүх ч бий шүү дээ. Энэ 2 мэдээж даргад бүх талаараа таалагддаг албан хаагчид. Тийм ч учраас ийм их эрх ямба (үнэндээ бол маш аймаар үл ёс зүй шүү дээ) эдэлсэн хэрэг. Энэ мэт бугшсан ялзрал төрийн албанд маш түгээмэл байдаг юм байна гэж ойлгодог болсон. Авторууд нь мэдээж энэ дарга мэтийн нэг газраа удсан, эрх мэдэл нь хэдэн арван жилээр ноёрхчихсон, байшингийнх нь хана, туурганд хүртэл шингэчихсэн хэсэг бүлэг хүмүүс юм байна гэж бас боддог болсон.
Хамгийн туухай нь даргад таалагдахгүй бол жирийн албан хаагч бүү хэл (яаманд 20 жил ажилласан ч ахлах мэргэжилтэн бүү хэл цалин цаваг нь ч олигтой нэмэгдээгүй албан хаагчид байж л байдаг) сайдын ажил ч явахгүй шүү дээ. Даргын таалалд нийцсэн төсөл, тендер аягүй хурдан шуурхай явна. Таалагдахгүй бол тухайн нэг тендерийн гэрээ сэлт өрөөнд нь "ялзарна". Муухай . Хувийн компанидаа ч хүн ийм муухай аминч хандлага гаргадаггүй биз дээ. Нэн ялангуяа төрийн албанд бүх ажил, бүх зүйл нийтлэг эрх ашгийн үүднээс явагдах ёстой биз дээ. Аймаг өмчилж авсан гишүүд гэдэг шиг яам өмчилж авсан ийм төрийн албан хаагчид их байдаг шиг ээ. Өнөө "Сайд ирж л байдаг, буцаж л байдаг, бид сууж л байдаг" гэдэг алдартай үгийг би хэрэв андуураагүй бол Боловсролын яаманд нэгэнтээ дэд сайдаар томилогдон ажиллаж байсан Xуландаа хэлсэн санагдаад байна. Үеийн үед байж л байдаг, ямар нэг албан тушаал хашиж л байдаг, яамаар нэг балиашигтай болчихсон, бүх зүйлд хувийн үзэмжээр ханддаг, эрх мэдэл нь салбарын сайдаас ч том ийм улсууд тэгээд эцэстээ ажлаас нь халсны төлөө ухаан алдаж унах нь гайхах ч зүйл биш юм билээ л дээ.
Төрийн албаны шинэчлэл магад чухамдаа эндээс эхлэх ёстой байх. Харамсалтай нь шинэчлэл хийх гэсэн нэг нь тийнхүү Цогзолмаа мэт бойкотлуулаад, нүдүүлээд, ад болоод дуусдаг. Ийм эр зоригтой нь тэгээд ховор байдаг юм билээ дээ. Ихэнх нь сайдаар байх хэдхэн хоногтоо эд нартай үзэлцээд юу гэхэв, эвтэйхэн ая эвий нь олж байгаад надад наалдах ашиг юу байна түүнийгээ л бодъё гэдэг амиа хоохойлсон бэртэгчин сэтгэлээр ханддаг юм билээ. Ядаж байхад сайд нар нь цэцгийн настай байдгийг хэлэх үү.
Хамгийн бас нэг муухай нь ийм бэртэгчин сайдууд нийгэмд их гоё харагддаг. Олон нийтээс сайн сайд гэдэг үнэлгээ авдаг. Яагаад гэвэл дарга нарт таалагдаж чадаж байна. Дайсан үгүй байна. Төрийн албыг ялзруулж, хүчгүйдүүлж байгаа нэг том хүчин зүйл энэ гэж боддог доо.

Тэгэх тусмаа цаг минуттай уралдан хувьсан өөрчлөгдөж буй (дэлхийн) боловсролын салбар манай хөрсөн дээр өөрчлөлт, реформ шаардаж буй нь үнэн. Энэ реформыг нэг газраа ялзартлаа удсан Цэдэвсүрэн дарга бүү хэл хэр баргийн сайд ч хийж чадахгүй! Тэгэх тусмаа хуульч мэргэжилтэй, нэг насаараа яаманд "түшмэл" хийсэн, яамны аппаратын ажлаас илүү гарч үзээгүй хүн боловсролын реформ хийх бүү хэл бодлогын чанартай олигтой, зоригтой тушаал, шийдвэр ч гаргаж чадахгүй болов уу. Бүхэл бүтэн салбарын бодлого боловсруулж, бодлого зангидаж дорвитой ажиллана гэдэг нэлээн зангарагтай, ядахад л харизмтай, зоригтой улс төрчөөс гарах үр дүн шүү.


Шинэ сайд хуулиа маш сайн мэддэг байх. Үнэхээр сайн хуульч ч байх. Мундаг сайн төрийн түшмэл байх. Харин реформ хүлээж буй боловсролын салбарыг мэддэг нь юу л бол. Энэ салбарыг шинэчилж, хөдөлгөх нь юу л бол. Эрх биш насаараа томилгоон дээр суусных салбарын ажилтнуудаа А, Б-гүй мэддэг байх. Нэгж, бүтцээ маш сайн мэддэг байх. Харамсалтай нь энэ нь салбарын бодлогыг зангидна гэсэн үг биш шүү дээ.
Шинжлэх ухаан гэж лут том салбар байна. Энэ тухайд бол ёстой нойл байх оо. Мэдэхгүй юм ёстой.

Нэг зүйлийг Ванга шиг хэлье, та нар ирэх 4 жилд шинжлэх ухаан, боловсролын салбараас реформ хүлээх хэрэггүй. Магад хүсээд буй реформыг чинь Учрал шиг сийрэг толгойтой, залуу, сэргэг тархитай, хэл устай, дэлхий ертөнцийг мэддэг, мэдэрдэг эр зоригтнууд хийнэ шүү.

Магад өнөөгийн боловсролын салбарын доройтол, жишээ нь байнга хэл ам таталдаг сурах бичгийн алдаа мадаг, завхрал энэ мэтийн яамандаа удсан, намайг хэн тоож, нохой хэн саахав гэдэг этиктэй болчихсон түшмэлүүдийн "бүтээл" байх шүү. Сайдууд нь цэцгэн настай, ихэнх нь салбараа мэддэггүйгээс энэ мэт түшмэлүүдэд базуулдаг, атганд нь ордог, аа гэхдээ алив алдаа, завхралын бурууг чухамдаа сайд нар нь үүрдэг, балбуулдаг гажиг тогтолцоо зөвхөн Боловсролын яам төдийгүй бусад яамдад ч ердийн мэт хэвшсэн байдаг юм шиг бас санагддаг. За ингээд яриад, бичээд байвал дуусахгүй дээ. Та нар минь өөр өөрсдийнхөөрөө бодож тунгаана биз ээ.''

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.