УИХ-ын инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Н.Учралыг сонголоо

2020 оны 07 сарын 09

Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллагад анх удаа инновац, цахим бодлогын асуудал эрхэлсэн байнгын хороотой боллоо. Тус байнгын хороо нь цахим засаглал, өндөр, технологи, үндэсний инновацын бодлого, түүнийг эдийн засаг, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг чухал асуудлуудыг эрхлэх юм байна.

Улсын Их Хурлын зүгээс дээрх асуудлуудад онцгой ач холбогдол өгч байгаа нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, цаашдын чиг хандлагыг зөвхөн түүхий эд бус мэдлэгийн эдийн засагт чиглүүлэхээр төлөвлөж байгаагийн илрэл болж байна.

Тус байнгын хорооны анхны даргаар хамгийн залуу гишүүн Ням-Осорын Учрал сонгогдлоо. Тэрбээр 2016-2020 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын дэргэдэх Инновацийн лобби бүлгийг санаачлан байгуулсан, Цахим бодлогын түр хорооны даргаар ажилласан юм. Мөн Оюуны өмчийн тухай хуулийг санаачилсан, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажилласан юм.

Өнгөрсөн хугацаанд Цахим бодлогын түр хороо төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоол гаргаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн уялдаа холбоогүй, үйл ажиллагааны үр ашиггүй байдлыг цэгцлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байсан.

Шинээр байгуулагдсан инновац, цахим бодлогын байнгын хороо нь энэ чиглэлээр төрийн бодлого, эрх зүйн орчныг тодорхойлох, хэрэгжилтийг эрчимжүүлэх, яамд, холбогдох агентлагууд, цаашилбал эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагаанд шинэ салхи орох нөхцөл бүрдлээ. 

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны эрхлэх асуудал: 
1.цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа;
2.мэдээлэлийн технологийн хөгжил;
3.харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа;
4.өндөр технологи, үндэсний инновацийн бодлого;
5.инновацийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого;
6.инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого;
7.инновацийн дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого;
8.инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого.
9.техник, технологийн шинэчлэл.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүн: 
1.    УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн 
2.    УИХ-ын гишүүн  Ц.Анандбазар
3.    УИХ-ын гишүүн Т.Аубакар
4.    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
5.    УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 
6.    УИХ-ын гишүүн Д.Батлут
7.    УИХ-ын гишүүн Г.Ганболд
8.    УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 
9.    УИХ-ын гишүүн Д.Өнөрболор
10.    УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 
11.    УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12.    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
13.    УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин
14.    УИХ-ын гишүүн Ц.Туваан 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.