Батлан хамгаалах яамны ТНБД асан Б.Батсайханд 2 жилийн хорих ял оноожээ

2020 оны 07 сарын 09

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлаар шүүхээр шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа олон нийтийн анхаарлыг татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очир, мөн ангийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г.Сугар нарт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн. 

Энэ хэргийг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 сарын 4-ний өдөр хүлээж авсан байна. 5-р сарын 5-ны өдөр тус хэргийг хянан хэлэлцээд Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаатай хасаж 2 жилийн хорих ялаар, Л.Балдан-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаатайгаар хасаж, 5.5 сая төгрөгөөр торгох ялаар,  Г.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдсэн.

Б.Батсайхан нар нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөг хохирол учруулсан гэж үзжээ. Б.Батсайхан нь хувийн ажлаа дээрх албан тушаалтнуудаар гүйцэтгүүлсэн байна.

З.БАЯНСЭЛЭНГЭ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААХ ШАТАНД БУЦААЖЭЭ

З.Баянсэлэнгэ сайдын бүрэн эрхийнхээ хугацаанд хийхээр төлөвлөсөн ...

Нийслэлийн Прокурорын газраас Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Бурмаа, мөн тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Мөн М.Болортуяад 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5.3 хэсэг буюу хахууль өгөх гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн байна. Энэ хэргийг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12-р сарын 6-ны өдөр хүлээж авсан байна. 

2020 оны 3 сарын 4-5-ны өдөр болж нэмэлт мөрдөн байцаах шатанд буцаах шийдвэр гарсан байна. З.Баясэлэнгэ, Н.Бурмаа, М.Болортуяа нар нь бүлэглэн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдож байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН ШҮҮХ ХУРАЛ МАРГААШ БОЛНО

Архангай аймгийн Засаг дарга Ц.МөнхнасанАрхангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан

Нийслэлийн прокурорын газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт, мөн тус аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт эрх мэдлээ албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. 

2020 5 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүх хурлыг 6 сард товлосон ч гурван удаа хойшлогдож,  7 сарын 10-ны өдөр товлогдсон. 

Ц.Мөнхнасан нь Б.Өсөхбаяртай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, Архангай аймгийн Цэнхэр сумын 1- багийн нутагт орших Шоронгийн ам нэртэй газраас 5 га талбайд 5 жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг "Тунгалаг Тамир Ар" нөхөрлөлд эзэмшүүлэх олгосон. Мөн Батсүхтэй маргалдаж хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэх, Б.Өсөхбаярыг Ц.Мөнхнасантай бүлэглэж, дээрх нөхөрлөлд давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байна.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.