Т.Доржханд сайдуудаас асуусан асуултны хариулт

2020 оны 07 сарын 08

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн  Т.Доржханд сайдуудаас товч асуулт асуун хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

  • Шадар сайдаас асуулт байна. Гадаадад гацсан иргэдээ ямар хугацаанд татаж авах вэ. Ялангуяа АНУ-д гацсан байгаа оюутнуудын асуудлыг яах вэ. 
  • Гадаад хэргийн сайд аа, Шанхайн хамтын ажиллагаанд элсэх үгүйг өөрийн байр сууринаас тодорхой хэлнэ үү. 
  • Сангийн сайд аа, төсвийн тодотголоо яг хэзээ хийх вэ? Дотоодын бондын зах зээлийг хэзээ нээх вэ? Банк болон санхүүгийн сектор,төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын шинэчлэлийг хэзээ хийх вэ? 2,9тэрбум долларын 4 жилийн хугацаанд төлөгдөх өрийг яаж удирдах вэ? 
  • Хууль зүйн сайдаас асууя. Та авилгатай тэмцсэн бодитой жишээ байна уу? Танай Засгийн газрын гишүүд эсвэл намын удирдлагууд авилгад холбогдсон нь нотлогдвол та өөрийнхөө харъяа байгууллага цагдаадаа шалгах үүрэг өгөх үү? 2-3 тэрбум долларын авлига авсан дарга нарын асуудал хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд 1-2 жилийн хорих ял авсан байгаа. Үүн дээр ямар бодлого баримтлах вэ? Хуулинд өөрчлөлт оруулах уу? 
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд аа, тэтгэврийн шинэчлэл хийх үү, хэзээ,яаж эхлүүлэх вэ? 
  • Боловсролын сайд аа, боловсролын салбарт шинэчлэлт хийж чадах уу? Сургуулийн хүртээмж, чанар, багш нарын чадавхийг сайжруулах чиглэлээр ямар бодлого баримтлах вэ? 
  • Соёлын сайд аа, монгол үндэсний онцлог, ондоошлыг тээж олон улсын түвшинд өөрийн урлаг соёлыг таниулан сурталчилж байгаа уран бүтээлчдээ яаж дэмжих вэ? Гадаадад зөвшөөрөлгүй гаргасан түүх соёлын өвүүдийг оруулж ирэхэд ямар бодлого баримтлах вэ?
  • Эрүүл мэндийн сайд аа эрүүл мэндийн салбарыг шинэчлэх үү? Коронавирусын үед гадаадад биш дотроо эмчилэхэд ямар бодлого баримтлах вэ?
  • Засгийн газрын хэрэг эрхлэх сайдаас асуулт байна. Ажлын байрыг энэ 4 жилийн хугацаанд хэдээр нэмэгдүүлэх вэ? Тодорхой тоо өгнө үү. 
  • Эрчим хүчний сайд аа, Усан цахилгаан станц, тавдугаар цахилгаан станцын асуудлыг хэрхэн шийдэх вэ? 
  • Хүнс хөдөө аж ахуйн сайд аа, жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн бүтцийг цаашдаа хэрхэн удирдаж авч явах вэ? Үр ашгийг нь яаж дээшлүүлэх вэ? 

Шадар сайд Я.Содбаатар: Гадаадад байгаа иргэдээ татан авах чиглэлээр нийт 32 нислэг үйлдсэн. 66129 иргэнийг оруулж ирсэн. Нөхцөл байдлыг газар дээр нь танилцсаны дараа чиглэлүүд гарах байх гэж бодож байна. 
Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар: Цаашид мөрдөх албаны бүтэц тогтолцоог нэг түвшинд аваачих шаардлагатай гэж түрүүн хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон бүх хэргүүдийг прокурорын байгууллага дээр сэргээн шалгаж, шүүхрүү шилжүүлэх процесс явж байгаа. Аливаа төрийн тодорхой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл нь ял шийтгэлийн бодлогоор илэрдэг. Тэр утгаараа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, тэмцэл энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орно. 
МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт бүлэг, заалт болж орсон. Ялыг нь чангатгах, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд цаашид үргэлжилж явагдана. 


Гадаад хэргийн сайд Н.Энхтайван: Гадаад хэргийн яамны бүтцэд ШХАБ-ын асуудлыг хариуцсан тусгай хэсэг байгуулж, асуудлаар тодорхой хариултыг өгөх болно. 


Соёлын сайд С.Чулуун: Соёлын бүхий л салбарыг бүс нутаг, олон улсын түвшинд гаргахад Соёлын яам бүрэн дэмжиж ажиллана. Мөрийн хөтөлбөрт кино урлагийг дэмжих санг тогтмолжуулах, олон улсад гарахад нь дэмжлэг үзүүлэх, энэ тал дээр ажиллана. Өөр бусад олон зүйлүүд бий. Гадаадад албан ёсоор гарсан үзэсгэлэнгээс үлдсэн нэг ч дурсгал байхгүй. Хууль бусаар гарсан зүйлүүд олон бий. Тэгэхээр гадагшаа гаргахгүй байх, гарсан зүйлүүдийг нь хөөцөлдөн оруулж ирэх тал дээр анхаарч ажиллана. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “УИХ шинээр бүрдсэн. Тиймээс ээлжит бус чуулган зарлагдаж, төсвийн тодотгол батална. Дотоодын бондыг шаардлагатай тохиолдолд гаргах бүх ажлыг хийсэн байгаа. Өмнөх шиг арилжааны банкуудаас зээл авахгүй. Технологиор шууд онлайн худалдаа хийгдэж авагддаг ийм орчинг бүрдүүлсэн. 2,9 тэрбум бондын төлбөрийг эдийн засагтаа дарамт учруулахгүйгээр шийднэ. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.