ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

2020 оны 07 сарын 08

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Долдугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 370 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 368 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. 50 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн эмэгтэй 24 настай.

Нийт батлагдсан тохиолдол 227 байгаагийн 195 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 32 хүний биеийн байдлыг үнэлбэл, 31 нь хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна" гэв

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагт АНУ-д 46,000, Бразилд 45,000, Энэтхэг 24,000-р өвчлөл нэмэгдсэн. Өвчлөл өмнөх өдрөөс нэмэгдэж, халдварын эрчимжиж байна. Дэгдэлт хурдацтай явагдаж байгаа ч оргил үедээ ирээгүй байгааг ДЭМБ-аас мэдээлж, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох шаардлагатайг онцоллоо. ОХУ-д сүүлийн хоногт 6,368 хүн шинээр халдвар авч 198 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад өвчлөл үл ялиг буурч байгаа.

Манай улсын хувьд өчигдөр шинээр 215 хүн ажиглалтад орж, 52 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо 2,995 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 91 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 6 хүний биеийн байдал хүнд байна. 24 цагийн хугацаанд 119 дугаар 157 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ, Шведээс хойр иргэн холбогдож зөвлөгөө авлаа" гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа"Дэлхий дахинд өчигдөр 172 мянга гаруй шинэ тохиолдол, 3000 гаруй нас баралт шинээр бүртгэгдлээ. АНУ-д халдвар нэмэгдэж буй тул 24 муж улс нь нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаагаа нээх шийдвэрээ цуцаллаа. Олон улсын 200 гаруй эрдэмтэн шинэ коронавирус агаараар дамжин халдварлаж байгааг ДЭМБ-д нээлттэй захидал бичлээ. Эрдэмтэд захидалдаа коронавирус 2 метр гаруй зайд байж тархах боломж, агаарын дуслын замаас илүү халдвар тархаах эрсдэлтэй гэсэн байна. Захидлын хариуд ДЭМБ-аас “Коронавирус агаараар дамжин халдварлаж байгаа нь тогтоогдлоо. Үүнийг илүү судлах шаардлагатай ” гэсэн байна.

 

 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.