Прокурорын байгууллагаас авлигын 815 хэрэгт хяналт тавьснаас 85 хүнийг яллагдагчаар татжээ

2020 оны 07 сарын 08

Яг одоо Прокурорын байгууллагаас 2020 оны эхний хагас жилд хийсэн ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлж байна.

 

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийсэн ажлын талаар УЕП-ын туслах прокурор Ц.Ариунболд:

2020 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн талаарх 37345 гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 43,7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 42,7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж 4,8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгажээ.

Авлига, албан тушаалын 815 хэрэгт хяналт тавьснаас 230 хэргийг хааж, 85 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 11 хэргийг хэрэгсэхгүй болгож, 98 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн хэрэг 12,8 хувиар, шүүхэд шилжүүлсэн хэрэг 3,5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын  Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс Цагдаагийн байгууллагад 103, Тагнуулын байгууллагад 184 буюу нийт 287 гэмт хэргийн шинжтэй  гомдол мэдээлэл ирүүлжээ. Үүнээс 116 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 11 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.


 

Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлын талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа танилцууллаа.

Сонгуулийн хууль болон Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар УЕП-ын туслах прокурор Ү.Содномцог 

"2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хүлээн авсан Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан "Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол мэдээлэл нийт 19832-т хяналт тавьж ажилласнаас цагдаагийн байгууллага 19544 буюу 98.5 хувийг, мэргэжлийн хяналтын байгууллага 100 буюу 0.5 хувийг, гамшгаас хамгаалах улсын байцаагч 186 буюу 0.9 хувийг, бусад байгууллага 2 буюу 0.001 хувийг гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан байна. 

Үүнээс “Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан зөрчил”-ийн шинжтэй 18,507, /энэ нь гудамж талбай олон нийтийн газар  нус, цэр хаях зөрчил/ “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” зөрчлийн шинжтэй 18,  “Олон улсын хөл хориот өвчний талаар мэдүүлэхээс татгалзах” зөрчлийн шинжтэй  2, бусад төрлийн зөрчил 438 гарсан байх ба 19,482 хүн, 187 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан.  

Үүнээс зөрчлийн хэрэг нээсэн 173, хүлээн авахаас татгалзсан 120, хялбаршуулсан журмаар бүртгэлд авч шийдвэрлэсэн 7,420, газар дээр нь шийдвэрлэсэн 12,091, харьяаллын дагуу шилжүүлсэн 21, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1 байна" гэв.

Түүнчлэн Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлтийн тухай тэрбээр "Сонгуулийн  хуулийг зөрчих зөрчлийн талаарх 1,579 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна.  

Үүнээс 134 гомдол мэдээлэлд буюу 8.4 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 24  буюу 1.5 хувьд хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулан, 1,269 буюу 80 хувийг хүлээн авахаас татгалзаж, 14 гомдол мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн" гэв. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.