Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдлээ

2020 оны 07 сарын 07

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна./2020.07.07/

 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 539,000  хүн эндээд байна. 6.6 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмчлэгдэж байгаа.

Сүүлийн 24 цагт АНУ-д өвчлөл 44,000, Бразилд 20,000, Энэтхэгт 24,000-аар өвчлөл нэмэгдсэн. Энэтхэг улсад сүүлийн хоёр сарын турш өвчлөл эрчимтэй нэмэгдэж, зэвсэгт хүчин хил хамгаалах шугамаар халдвартай өвчтөнүүдийг эмчлэн төвүүдийг олноор нь нээх болсон. Гэсэн хэдий ч ойрын хэдэн долоо хоногт нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.

Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв боловч цаг үеэ олоогүй шийдвэр олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх магадлалтайг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа.

ОХУ-д сүүлийн хоногт 6,619 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна. Тувад нийт өвчлөлийн тоо 5,000 давсан бөгөөд сүүлийн гурав хоног үл ялиг хэмжээгээр шинэ халдварын тохиолдол буурлаа.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австрали, Шведээс манай улсын хоёр иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан.

ДЭМБ-аас ар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг оролцооноос илүү хувь хүний хариуцлага чухал болохыг онцолж байгаа. 9, 10, 11 сард улирлын томуугийн дэгдэлт гардаг. Тиймээс бид дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй байна" гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "Бразилд 20 мянга шинэ тохиолдол, 620 нас баралт бүртгэгдлээ. Тус улсад 1.6 сая гаруй хүн шинээр халдвар авч, 60 мянга гаруй хүн нас барлаа. Бразилийн 9000 гаруй хүнд сайн дурын үндсэн дээр БНХАУ-д бүтээсэн “Синовак” хэмээх коронавирусийн вакцины туршилтад орж байна." 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.